Монгол Улс Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор “АстаЗенека” вакцинаас 150 мянган тун, “Синофарм”-аас 300 мянган тун, “Спутник-5” вакцинаас 10 мянган хүн тун оруулж ирээд буй. Гэхдээ ОХУ-ын “Спутник-5”, БНХАУ-ын “Синофарм” вакцинуудыг одоогоор ДЭМБ яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм.
Тусгай төхөөрөмжид хадгалагдаж байгаа дээрх вакциныг хэзээ зөвшөөрөх талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад “ДЭМБ-аас цар тахлын эсрэг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгосон вакцинаар хүн амаа дархлаажуулж эхлээд байна. Хүлээгдэж буй вакцины хувьд гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл нь олгогдох мэдээлэлтэй бий. Вакциныг 2-8 хэмд буюу үйлдвэрлэгчийн зааврын дагуу хадгалж байна. Ихэнх вакциныг зургаа болон түүнээс дээш сараар хадгалах горимтой. “Синофарм” вакциныг гэхэд 2023 он хүртэл хадгалах боломжтой" гэлээ.
Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар 13200 иргэнийг хамруулжээ. Үүний 9500 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтан, 2600 гаруй нь мэргэжлийн хяналт, онцгой байдлын ажилтан юм.