Зуны олимпын тоглолтыг гадаадын үзэгчидгүйгээр явуулах боломжийг Японы Засгийн газар авч үзэж байна хэмээн Mainichi Shimbun сонин бичжээ.
Сонины эх сурвалжид дурдсанаар уг асуудлыг сарын дотор шийдэх ёстой ажээ. Олон нийтийн зүгээс коронавирусийн тархалтад санаа зовинож байгаа учраас энэ асуудлыг шуурхай авч үзэх боллоо. Зөвхөн өөрийн үзэгчидтэй олимп зохион байгуулахын зэрэгцээ спортын уралдан тэмцээн болох байгууламжид халдвар хамгааллын дэглэм сахиулах, тоглолт үзэх хүний тоо зэргийг давхар тооцоолж буй.
Хоёрдугаар сарын эхээр, тоглолтод гадаадын үзэгчдийг оруулах эсэх талаар эцсийн шийдвэрийг дөрөв, тавдугаар сарын аль нэгэнд гаргана хэмээн Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах мэдэгдэж байв. Гэтэл зохион байгуулах хорооны дарга Сейко Хасимото энэ асуудлыг гуравдугаар сарын 25 гэхэд шийдсэн байх ёстой гэсэн юм. Тэр өдөр Фүкүшима мужаас олимпын бамбарын буухиа эхлээд 121 хоног үргэлжлэх юм. Бамбар бүх 47 мужаар аялна.
Asahi Shimbun сонины явуулсан санал асуулгаар япончуудын 86 хувь нь Токиогийн олимпыг цуцлах саналтай байгаа ажээ.