Т.Чимэгээ нартай холбоотой С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой шүүх хурал 6 удаа болсон ч эцэслэн шийдэгдээгүй.
Яг одоо Т.Чимэгээ сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Т.Чимэгээ:
-2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хориход хоригдсон. Маш хэцүү нөхцөлтэй байсан. Гурван сарын хугацаанд ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орж болохгүй, хоол ундны асуудал хүнд, дотроо шээж баадаг. Агааржуулагч байхгүй ийм газар есөн сар хорьсон. 407-р анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал дээрдээгүй. Дарамт шахалтанд долоон сар хоригдсон. Одоо харин 401-р ангид ирж, орчин нөхцөл өөрчлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож, тамлаж, хар дарсан зүүд шиг таван жил боллоо. Намайг хилсээр хоригдоод нэг жил болоход миний том хүүхэд автомашины осолд орсон гэж амь насаа алдсан. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаа. Миний амьдрал ахуй бүгд байхгүй. Үлдсэн үр хүүхэд маань, хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна.
-Ямар нотлох баримтаар таныг хэрэгт буруутгадаг вэ?
-Ямар ч нотлох баримт байхгүй. Амгаланбаатарын мэдүүлгээр л буруутгасан. Тэр үед би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Намайг зөвтгөх баримтууд байдаг ч нөлөөлдөггүй.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
-Т.Чимэгээ нь 2015 онд согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглэсэн боловч ямар ч мэдээгүй болтлоо унасан. 50 грамм хүрээгүй шингэний дараа ухаан мэдрэлгүй болсон гэж мэдүүлдэг. Энэ хүний хуруу гарын хээ зэрэг бүх мэдээллийг авч, нүцгэлэн зургийг нь авч, бичлэг хийсэн. Энэ хэргийг бид шалгах болно. Энэ хэрэг зургаан удаа шүүхээр хэлэлцэгдсэн ч эцэслэн шийдэгдээгүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, шинээр хэргийг шалгах нөхцөл байдал үүснэ. Энэ хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа.