Сүхбаатараас нийслэл рүү, нийслэлээс тус аймаг руу чиглэсэн хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно

Сүхбаатараас нийслэл рүү, нийслэлээс тус аймаг руу чиглэсэн хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно

Сүхбаатар Аймгийн онцгой комиссын 8 дугаар хуралдаан өчигдөр болжээ.

Улаанбаатараас тус аймаг руу ирэх, Улаанбаатар руу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг аймгийн шуурхай штабт үүрэг болгосон байна. Доор зааснаас бусад хөдөлгөөнийг хязгаарлана.

-Эрүүл мэндийн шалтгаан /13 А маягт/
-Албан томилолт /зайлшгүй шаардлагатай тохиолдлыг харьяа байгууллагын томилолт, албаны үнэмлэхийг үндэслэн/
-Буяны ажил, хүндэтгэн үзэх бусад зайлшгүй шалтгаан
-Тээвэрлэлт /Уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, ажилчдын ээлж солих, өвс тэжээл, шатахуун, хүнс тээвэр, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл/

Голомттой газраас ирэх иргэн юуны өмнө аймгийн шуурхай штабт хүсэлтээ гаргана. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, ПГУ шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана.

Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичнэ. /Зөвшөөрөлгүй иргэдийг Улаанбаатар, Налайх, Багануур, Хэнтий аймгийн постуудаар нэвтрүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулах/

Мөн Сүхбаатар аймгийн Шуурхай штаб олон нийтийг хамарсан цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна.