Коронатай жил тэмцээд ахиц гаргаагүй хуучин удирдлагын балгийг шинэ нь үүрч байна

Коронатай жил тэмцээд ахиц гаргаагүй хуучин удирдлагын балгийг шинэ нь үүрч байна

Корона гэдэг үгийг ашиглаж эхлээд жил гаруй болчихлоо. Дотооддоо халдвар алдаагүй хэмээн цээжээ дэлдэж байсан Монгол улс 2020 оны 11 дүгээр сард дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж бэлтгэл хангалтгүй, мэргэжлийн хүмүүс ажилдаа хайнга хандсан гэдэг нь батлагдав. 

Үүнээс хойш дор бүрнээ л ажлаа сайжруулах гэж асуудлаа цэгцлэх гэж зүтгэж бас шийдэл гарцаа хайж явна. Үүн дотор нэг л зүйл өгүүлэгдэж буй нь мэдээллийн урсгалын нэгдсэн ойлголт гэдэг зүйл аль аль талдаа алга. 

Тухайлбал анх коронавирусын тухай яриа гарахад л хэн мэдээллээ хаашаа өгч, тэр мэдээлэл хэнд нь хэрхэн хүрэх тухай хөндөгдсөн байж таарна. Тэр үеийн УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Нямхүү гэх мэт хүмүүсийн удирдлага, менежмент нь зүгээр л сүржигнэл байсан болохоос өөр бодитой ажил байхгүй байжээ. 

Тодруулах юм бол үсээ цайтал ажиллаж байсан гэх өмнөх удирдлага нэртэй хүмүүс ганцхан мэдээллийн урсгалаа солилцох программ бичүүлж, ашиглалтанд оруулаагүй байх жишээтэй. 

Сүүлд шинжилгээний цаг авдаг eruul.gerege.mn сайтыг бий болгосон. Түүнээс өмнө дэвшилтэт технологи буюу үүлэн технологи дээр суурилсан мэдээлэл солилцох урсгал байхгүй. Уламжлалт арга буюу даргын гарын үсэгтэй цаасаар л ажлаа явуулж ирсэн нь үүний нотолгоо. 

Өнөөдөр халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээллээ цахим болгохоор ажиллаж байна. Тус төвийн шинэ удирдлага ажлаа аваад сар болж буй. Энэ хугацаанд эхлүүлсэн нэг ажил нь Ковид-19 өвчинтэй холбоотой бүхий л мэдээллийг цаг тутам шинэчилж, албан хэрэгцээнд ашиглах зориулалт бүхий мэдээллийн сан бий болгож, түүнийгээ цахимжуулж байна. 

Өвчин туссан хүнийг хаанаас хэрхэн туссан, хэдэн хүнтэй хавьталд орсон гэдгийг дарга нартаа шууд харуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн нөгөө талдаа мэдээллийг түргэн шуурхай иргэдэд өгөх боломжийг үүсгэхийн тулд ажиллаж байна гэдгээ залуу удирдлага болох ХӨСҮТ-ийн дэд захирал Тэмүүлэн тайлбарлаж байна. 

Хуучин дарга нарын хуудуутай балгийг шинэ цагийн шинэлэг дарга нар үүрч, засч залруулах гэж зүтгэж байна даа.