УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2017.02.24/ Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг Олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэх, түүнд иргэд, аж ахуй нэгжийн оффшор бүсийн банкинд байруулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд хэрхэх талаар харилцааг нарийвчлан зохицуулсан агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улсын Их Хурал хаврын ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийн өндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансанд байршуулсан явдал. Энэхүү тогтоолын төслийг 2 зүйлтэйгээр өргөн барьж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэхийг Засгийн газарт даалгахыг хүссэн. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албан наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгах тухай хүссэн байгаа" гэв.
Мөн тэрээр "Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь Эрдэнэтийн 51 хувь. Тухайн үеийн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хуулв хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20,000 ам.доллараас дээш гүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл энэнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 ам.сая доллар оффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгах зорилгоор өргөн баригдаж байгаа" хэмээн онцолж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл өргөн барьсан байгаа шүү дээ?
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьж байгаа оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч гэсэн оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсан хөрөнгөө оффшор бүсэд хадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгээр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөл байна. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Холбогдуулж өөр хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүсэх үү?
Мэдээж Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт орно.