Covax хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа

Covax хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авлаа

Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах вакцины эхний ээлж болох 14,400 тун AstraZeneca вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Энэ оны эхний улиралд багтаан манай улс AstraZeneca вакцины 112,800 тун, Pfizer/BioNTech компанийн вакцинаас 25,740 тунг тус бүр Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авахаар болсон юм.

2021.03.02-ны өдөр шинэчлэн гаргасан Covax хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус хөтөлбөрт оролцогч нийт 142 улсад 237 сая тун вакцин түгээгдэх юм.
Түгээлтийг эхлүүлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн нийт 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021.03.08-14 хүртэлх дараагийн долоо хоногт 14.4 сая тун вакциныг 31 оронд хүргүүлж байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монгол Улс Covax хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах вакцины эхний ээлж болох 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авч байна.
Дараагийн 98,400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хандивлагчдадаа талархал илэрхийлье. Цаашид Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх юм" хэмээн хэллээ.