Хуурамч шинжилгээний бичиг үзүүлж, Өмнөговь аймаг руу зорчих гэсэн иргэнийг илрүүлжээ

Хуурамч шинжилгээний бичиг үзүүлж, Өмнөговь аймаг руу зорчих гэсэн иргэнийг илрүүлжээ

Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Шуурхай штабт ажиллахаар явах замдаа Өлзийтийн шалган нэвтрүүлэх постоор орж, албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр алба хаагчид хуурамч шинжилгээний хариу үзүүлж, Өмнөговь аймаг руу зорчих гэж байсан иргэнийг илрүүлснээ Шадар сайдад мэдээлэв. Энэ зөрчлийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж буй бөгөөд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм байна. 



Мөн хүнс тээвэрлэсэн авто машин Улаанбаатараас орон нутаг руу гарахад ачаанд нуугдаж гарахыг завдах зөрчил илэрч байгааг илтгээд, постуудад хяналт шалгалтыг нягт нямбай хийж байгаагаа уламжлав. 

Орон нутаг руу хуурамч бичиг  баримт ашиглаж, хулгайн замаар зорчиж халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа иргэдийг илрүүлж, хатуу хариуцлага тооцохыг Шадар сайд анхааруулав. Орон нутаг руугаа явж байгаа иргэдийг шинжилгээний бичигт нь үндэслэн хотоос гаргана. Орон нутгаас Улаанбаатарын харьяалалтай иргэдийг нэвтрүүлнэ. Үүнээс бусад зорчих хөдөлгөөнийг хориглосныг алба хаагчдадаа сануулаад, коронавирусийн халдвар гараад буй Төв аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцахаар явлаа.