Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна

Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын  бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ?

-Шар түвшинд 23297 аж ахуйн нэгж, байгууллагын 90903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна.

-Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэсэн бэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэр хүндрэл гарсан бэ?

-Нийслэлийн иргэд цар тахлын үед мэдээллийг цаг тухайд нь авч, ажлаа төлөвлөж сурсан байна. Мэдээллүүдийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бүх цахим сүлжээгээрээ түгээсэн. Шаардлагатай тохиолдолд манай албан хаагчид утсаар холбогдож байгаа. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Тэрнээс үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна.

-Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Шар түвшинд байхад өргөн  хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

-Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага бий юү?

-Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн олонх нь халдвар хамгааллын дэглэмээ хангаж, бидний шаардлагыг биелүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Бид ч мөн бизнес эрхлэгчдийг дэмжин, хөл хориог бага тогтоож, хүнд суртал гаргахгүйгээр ажиллуулах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагад өгсөн. Мөн орлогогүй иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. Нийслэлд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өөрсдийнхөө бололцоо, хэмжээнд тусламж, дэмжлэг үзүүлэхээр бүх талын арга хэмжээ авч, ажиллаж байна.

-Хөрсөн дээр хэрэгжилт ямар байна вэ?

-Мэдээж амьдрал дээр хэрэгжихэд тодорхой хэмжээний хүндрэлүүд үүсдэг. Бид үүнийг шийдэхийн тулд гомдол хүлээн авах утас ажиллуулж байна. Иргэдийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч харамсалтай нь хүн бүрд шууд хүрч ажиллаж, засаж, залруулж чадахгүй байна.  

-Хүнсний тусламж үзүүллээ гэлээ. Гэвч төрийн албан хаагч хүнсний тусамж авч байна гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байгаа. Аль болох шат шатанд  хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өгч байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.

-ПСР-ын шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд ПСР шинжилгээний цэг ажиллуулж байгаа. Харамсалтай нь,  байгууллага бүр ПСР шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. ПСР шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л ПСР шинжилгээ өгөх шаардлагатай.  

-ПСР-ын шинжилгээг төлбөртэй авна гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Энэ асуудал яригдсан. Улс орныг хамарсан цар тахлын үед шинжилгээг төлбөртэй авах нь зохимжгүй, хуулиараа хориотой.

-Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ?

-44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа.

-Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС