"Асаргаанд байдаг хүмүүсийн судалгааг гаргаж байгаа. Явуулын баг гаргаж вакцинд хамруулна"
Дархлаажуулалтын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр зарим гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулав.
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хүнд өвчтэй гэрээрээ байдаг иргэдэд вакцин хийх явуулын баг гаргах уу? Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дундаас яаралтай тусламж авсан тохиолдол байна уу?
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Асаргаанд байдаг хүмүүсийн судалгааг гаргаж байгаа. Явуулын баг гаргаж вакцинд хамруулна.
Одоогоор 50-64 насны 185 мянган хүнийг вакцинд хамруулах ажил эхлээд байна.
Хорооноос судалгаа авч, хэвтрийн дэглэмд байдаг хүмүүсийг вакцинд хамруулна.
Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсээс яаралтай тусламжид хандсан тохиолдол гараагүй. 20 мянган хүнд судалгаа хийхэд, толгой өвдөх, халуурах, тариулсан газар хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн.