Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 15293 хүний шинжилгээний хариу гарчээ. Үүнээс коронавирусийн халдварын 148 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4806 болжээ.
Шинээр бүртгэгдсэн 148 тохиолдлын 143 нь Улаанбаатар хотод, тав нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Мөн 137 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа иргэд нь Налайх дүүргийн дөрөв, Баянзүрх дүүргийн 13, 20, Баянгол дүүргийн гурав, зургаа, найм, Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42, 44 дүгээр хороонд амьдардаг ажээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1359 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байгаагаас 1201 нь хөнгөн, 146 нь хүндэвтэр, ес нь хүнд, гурав нь нэн хүнд гэсэн оноштой байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ. Ингэснээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 3351 болж байгаа бөгөөд энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эдгэрсэн үзүүлэлт юм байна.