ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (bon po/), до (gto/) нь засал хорло (‘khor lo/) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (bon gto ‘khor lo/)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун Монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун Монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун Монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.
Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчнаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.