Тэгвэл манай улсын Орос улстай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа буурч байгаагийн эсрэг, сүүлийн хэдэн жилд, БНХАУ-тай хийсэн худаладаа нэмэгджээ. Тодруулбал, 2010 онд манай улс нийт 125 оронтой импортын худалдаа хийсний 33,3 хувийг ОХУ, 30,5 хувийг БНХАУ хийж байсан бол, нэгхэн жилийн дараа энэ тоо өөрчлөгдөж Хятадаас импортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээ 32 хувь болж, ОХУ-аас илүү гарсан байна. Үүнээс хойш ч тасралтгүй өсч байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна.
Энэ байдлыг дагаад юанийн өсөлт ч бидний амьдралд шууд нөлөөлдөг болсон. Саяхан ам.долларын ханш өсөхтэй зэрэгцээд, юан ч бас өссөн. Өнгөрсөн 9-р сард 330 төгрөгтэй тэнцэж байсан юань дэлхийн валютын нөөцөд бүртгэгдсэнээсээ хойш, чангарч 340 болсон. Өнгөрсөн сард, Найман шарга валют арилжааны захад нэгж нь 400 төгрөгт хүрч иргэдийг хэсэг бухимдуулсан. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан юанийн албан ханш 359 төгрөг байна. Төв банкнаас төгрөгийн ханшийг сулруулахгүйн талд гадаад валютын дуудлага худалдаа явуулдаг боловч юанийн ханш буурахгүй байгаа юм. Харин гадаад валютын ханшийг нэмэгдүүлэхгүйн тулд, эрэлтийг зохицуулах механик аргуудыг хэрэглэхээс гадна улс орнууд ханшийн хязгаарыг хуульчлан тогтоох шийдвэрүүдийг хөгжлийн тодорхой түвшинд хүртлээ гаргадаг байна. Дэлхийн зах зээлд үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятад улс экспортын бараа бүтээгдэхүүний урсгалаа улам тэлж, импортоо хумьж байгаа. Тус улсын мөнгөн тэмдэгт олон улсын нөөц валют болсноор дэлхийн зах зээлд чөлөөтэй ашиглах, төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Юань олон улсын нөөц валют болсон нь манай улсад бусад улстай юанаар харилцах боломж бий болж байгаа ч, нөгөө талаар манай үндэсний мөнгөн тэмдэгт юанаас хараат болох эрсдэлтэй. Ам.долларын ханш өөрчлөгдөхөд МУ-ын өр зээл, төсөвт шууд нөлөөлдөг. Харин юанийн ханш өөрчлөгдөхөд иргэдийн худалдан авалт, амьжиргаанд шууд нөлөөлнө гэсэн үг юм.