Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт ажиллуулж эхэлжээ

Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт ажиллуулж эхэлжээ

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийжээ. Энэ дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газраас резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, коронавирусийн халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж эхэлжээ.

Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулсан юм байна.

Гуравдугаар шатлалын эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж буй эмчийг резидент эмч хэмээн нэрлэдэг юм. 2021 оноос өмнө тухайн эмч нарыг цалин урамшуулалгүй ажиллуулдаг байлаа. Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан юм. Ингэснээр резидент эмч нар энэ оны нэгдүгээр  сарын 1-нээс 703 623 төгрөгийн цалин авч эхэлсэн.