Битүүлэх ёс
Шинэ жил эхлэхийн өмнөх орой буюу хуучин оны хамгийн сүүлчийн оройг үдэх ёслолыг битүүн гэж нэрлэх ба энэ нэрийн учир нь сар битүүрч харагдахгүй болж байгааг илэрхийлсэн үг ажээ. Битүүн гэдэг нь орой бүрэнхий болж эхний ганц од гарахаас эхлээд дараа өдрийн үүр цайж золгож эхлэх үеийг хүртэлх хугацааг зааж байна. Энэ оройн хүндэтгэлийн зоогийг битүүлэг хэмээн нэрлэх ба айлууд бэлдсэн идээ зоогийн дээжээс харилцан солилцож ёслохоос гадна өөрсдөө ч элбэг дэлбэг баярлаж найр цэнгэл үүсгэдэг байна. Битүүлгэд“битүү хоол” гэсэн бэлгэдлээр бууз жигнэж, банш чанадаг. Битүүний орой хийдэг зочлолын хоол унд, дэг ёс нутаг нутагт өвөрмөц өөр байх нь монгол соёлын баялаг олон талыг илэрхийлж байна. Тухайлбал, баруун нутгийн монголчууд торгууд, өөлд, урианхайчууд хотныхоо хамгийн ахмад айлдаа цугларч үхрийн дунд чөмгийг махтай нь чанаж махнаас нь амсаад дараа нь ясыг нь таших“чөмөг хугалах” зан үйл хийдэг бол төв нутгийн халхчууд битүүний орой үхрийн толгойг ялз чанаж духыг нь тавганд хийж айлууддаа түгээх “Дух гүйлгэх” ёслол хийдэг.
Ихэнх нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү чанаж бурхан тахилдаа, ууц тэргүүтнийг бусад махан шүүс, цагаан идээнээс хурууд, тос, мөн боов зэрэг амттанг бэлтгэдэг. Битүүний орой хийдэг эдгээр ёслолууд нь хуучин он битүүрч байснаа нээгдэн шинэ он ирж байгааг харуулсан бэлгэдэл бололтой. Мөн ихэнх нутагт байх битүү мах задалж гургалдай, чөмөг идэх ёс байдаг нь нэлээд эртээс уламжлалтай ёс бололтой. Битүүний орой гэрийн тотгон дээр ус цас, өвс тавьж хонуулдаг нь дараах домогтой холбоотой. Энэ шөнө Балданлхам бурхан гурван ертөнцөөр тойрон албат иргэдээ тоолон шинэ оны аз жаргал авчирдаг хэмээн түүний унаа болох билгийн мэлмий нээгдсэн шар халзан луусанд унд тэжээл тавьж байгаа явдал юм. Битүүний шөнө өндөр настан хийгээд нялх балчраас бусад хүн унтахгүйг хичээдэг нь ч энэ домогтой холбоотой ажээ.
Битүүний өдөр гэрийн тоос үргээж хувцас хунараа бэлтгэн, гэр орноо цэвэрлэдэг нь шинэ ондоо цэвэр ариун орох гэсэн хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой юм. Мөн зарим нутагт битүүний өдөр“индэр” босгодог. Индэр гэдэг нь цас мөс, чулуу хөрзөнгөөр босгосон овоо бөгөөд шинийн нэгний өглөө эртлэн тэнгэртэй золгох ёслолын тэмдэг болно.
Битүүний өдрийн цээр:
Битүүний өдөр айл хэсэхийг цээрлэнэ.
Энэ өдөр орон гэртээ байх нь хишиг буянаа тогтоож буй хэрэг.
Энэ өдөр амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс амыг нь чөтгөр долоож хомхой яр гарна.
Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Шинэ онд гай гарз гарна. Муу зүйл нүүрлэнэ.
Битүүний шөнө айлд хоновол сүнс төөрнө.
Битүүнд гэр оронд харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.
Өлөн зэлмэн хонохыг цээрлэдэг. Гарч буй жилдээ өлсч зовно гэнэ. Тиймээс заавал цадтал хооллоно.
Хэл ам хийх, өндөр дуугаар хашхирахыг цээрлэнэ. Тэр жилдээ хэрүүл маргаан тасрахгүй гэнэ.
Газарт ус, угаадас асгахыг цээрлэнэ. Эс тэвчвээс яр шарх гарна гэнэ.
Битүүнд гэрийн гадаа хоосон сав байлгахыг цээрлэнэ. Заавал дотор нь юм хийж тавьдаг нь хишиг буянд сайн гэнэм.
Битүүний шөнө мал чанга майлах, янцгаахыг муу ёр хэмээнэ. Тиймээс малаа сайн цатгаж услах ёстой.
С.БЯМБАДОРЖ /Монгол Улсын их сургуулийн ШУС-ийн Антропологи-археологийн тэнхимийн багш, угсаатан судлаач/