Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байс хийгээд л Үндсэн хуулийн цэцэд анхаарал хандуулж, тийшээ гүйдэлтэй болчихов. Өөрийн биеэр очиж улс төржиж болохгүй тухай сануулж амжив. Энэ бүхэн нь өөрийнх нь хувь заяа өрөөл бусдын гарт орчихсонд тэвдэж буй үйлдэл юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь дахин нэр дэвших эсэх дээр дэнслэх учиртай. Өнгөрсөн баасан гарагт Цэцийн дунд суудлын хуралдаан болов. Уг хуралдаанаар асуудлыг хэлэлцээд маргаж маргаж дууслаа. Даваа гарагт хуралдаж Х.Баттулгын талд шийдвэр гарав гэх мэдээлэл хөвөрсөн. Гэтэл араас нь энэ мэдээлэл худал юм гэх мэдээ яаран сандран гарч ирэв.
Дээрх үл ойлгогдох мэдээллээс харахад Х.Баттулга гэдэг хүний хувь тавиланг хэрхэн шийдэх учраа Үндсэн хуулийн цэцийн гишүүд тохирч суугаа бололтой. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дотор МАН-ын угшилтай нэг хэсэг байхад Х.Баттулгатай ойр нөхөрлөж байсан нэг бус хүн ч бас бий. Тэд бүгд хоёр талдаа талцаж суучихаад хэрхэн шийдвэр гаргах тухайгаа хэлэлцэж, хэмлэлдэж суугаа нь гарцаагүй.
Харин хэрхэн албажуулах бэ гэдэг анхаарлын төвд байна. Амьхандаа Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийг улс төрөөс хараат бус байх тухай зөвлөж, зааварлаж явахдаа өөрөө нөлөөлөх гэж оролдсон мэт хардлага зарим иргэнд төрсөн байж болзошгүй. Ийм таамаг нийгмийн сүлжээнд хөвөрч байв.
Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэх дээр хуульчид маргаж байх хооронд тэдний маргааныг таслах ёстой цэц нь бас маргалдаад эхэллээ. Ийм нөхцөлд хэн хүчтэй, хэн хөшигний ард хор найруулж чадсан нь хувь тавилангаа өөрчлөх нь дээ. Харин цэцийн гишүүд Х.Баттулгын хувь тавиланг хааш нь эргүүлэхээ эргэцүүлсэн хэвээрээ л байна.