С.Зориг агсаны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон. Харин эрүүдэн шүүсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн сүүлд гүйцэтгэх ажиллагаа явуулж Т.Чимгээг өөрийгөө хамгаалах чадваргүй байхад гарынх нь хээг авч байгаа бичлэгийн зарим хэсгийг нууцаас гаргаж, олон нийтэд цацаад билээ. Энэ бүх үйл явдалтай холбогдуулан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүллээ. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
Т.Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарт өнгөрсөн оны 7-р сард 3 жилийн хорих ял оноосон ч, давж заалдах шатны шүүхээс ялыг хүчингүй болгосон. Хамгийн сүүлд эдгээр хүмүүсийг батлан даалтад гаргаад буй.
Хэдийгээр гэр бүлийнхэн нь ийнхүү Т.Чимгээг суллахыг шаардсан ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.