Шинэлэх ёс
Шинийн нэгэн бол монголчуудын хувьд хамгийн бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг бөгөөд энэ өдрийг хэрхэн өнгөрөөнө тэр жилдээ тийм байна гэсэн үзэл тархмал. Энэ өдөр хүмүүс эртлэн гарч хийморио сэргээх зан үйл(зүг гаргах, хийморийн дарцаг хийсгэх, аргаа аргалаар дүүргэх, утас ээрэх, бэлгэдэлт тоглоом наадгайгаар наадах зэрэг) хийнэ. Үүний дундаас онцлон дурдах нэгэн зан үйл болох алаг мэлхий өрөх шагайн тоглоом тоглодог. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шинэ ертөнцийг бий болгож буй эртний зан үйл юм.
Шинийн нэгний өглөөний тэнгэрийн байдлаар шинэ гарах жилийн өнгийг тодорхойлох шинжих нь олонтаа. Тухайлбал, шиний нэгний өглөө эхнэр хүн эртлэн гарч үүлний өнгө, малын хэвтэж буй байдлыг ажиглаж зун өвлийн шинж, хур бороо хэр орох, өвс ногоо хэр ургах зэргийг шинждэг байжээ.
Шиний нэгний өглөө айл хотлоороо урьдчилан бэлдсэн овоондоо гарч идээ цай аван тэнгэртэй золгодог. Үүнийг төрийн сүлд, эзэн сүлдэд мөргөх, индэрт мөргөх зэргээр олон янзаар нэрлэдэг. Энэ зан үйлд ихэвчлэн гэрийн эзэд, эрэгтэйчүүд оролцдог ажээ. Эзэн сүлдэд мөргөхдөө цай идээнээс дээжлэн өргөж малгайгаа аван дөрвөн талд нь тойрон мөргөж гэртээ ирж цагаалах ёслол эхэлдэг. Зарим нутагт ирэнгүүтээ гэрээсээ нэгэн нялх хурга гаргаж хонио цагаалуулах зан үйл хийж тэр хургаараа хуц тавьдаг уламжлал бий. Дараа нь хотныхоо хамгийн ахмад настанд очиж шиний цайны дээж, идээ тавагтай ирж ахмад хүнийхээ тохойн дороос нь түшисхийн хоёр гарын алгыг дээш харуулан хадаг барин мэхийн золгож дараа нь сууж бэлэг дэмбэрэлтэй яриа ярьж гаанс, хөөргөөрөө тамхилж мэндэлнэ. Ингэж шинэлэхдээ урьдаар аав ээждээ үр хүүхэд дүү нар нь хүндэтгэн хадаг барьж золгохдоо урт настай удаан жаргалтай, яваарай гэх зэргээр бэлгэтэй сайхан ерөөл хэлэн духан дээр нь үнэрлэж хишиг буянаа түгээдэг ажээ.
Цагаан сарын шинийн нэгэнд настайчууддаа, дараагийн өдөр голдуу ахмад эгчмэд эмэгтэйчүүддээ, гурванд төрөл төрөгсөд холын хамаатан садантайгаа цаашлаад анд нөхөдтэйгөө зэргээр золгодог. Монголчуудын хувьд цагаан сараар архи ууж согтохыг ихэд цээрлэх бөгөөд ёсны хундага гурваас илүү тогтоодоггүй байжээ.
Цагаан сарын бэлгэдэл хийгээд учир агуулгаас үүдэн цээрлэх ёс олон байдаг.
Заримаас нь дурдвал:
Цагаан сараар айлд очоод өлөн ховдог загнах, хэт идэхийг цээрлэдэг. Учир нь битүүлэг болон бусад идээ нь өвөг дээдсийн сүнс онгод зориулсан тахил болох учир түүнээс хишгийн хэмжээнд хүртдэг. Иймээс тавгийн идээнээс, битүүлгээс заавал амсдаг заншилтай ажээ.
Цагаан сараар хуучин дээл хувцас нөхөхийг цээрлэдэг. Заавал шинэ үйл эхэлдэг сайхан заншилтай байжээ. Цагаан сараар ус авахыг цээрлэнэ. Ус авбаас нагац талдаа муу гэнэ.
Цагаан сараар гадагш эд зүйл зээлээр өгөхийг цээрлэнэ. Гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана гэх аж. Цагаан сарын шинийн нэгний зулын галыг хуучин галын цог, цучлаар асаахыг цээрлэнэ. Алив бүх нийг шинээр эхлэхийн бэлгэдэл ажээ.
Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хоновол тэр жилдээ гэртээ очихгүй тэнүүчлэнэ гэдэг. Уйлах, хэрэлдэхийг цээрлэдэг. Зөрчвөөс бүтэн жилийн турш хэл ам тасрахгүй, хэрүүл маргаантай байна.
Шинийн нэгэнд үнс хогоо гаргахыг цээрлэнэ.
Шинийн долоонд айлд очихыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг. Зарим нутагт шинийн гурванд айлд очихыг цээрлэдэг аж. Мөн энэ үед бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, ан амьтан алахыг цээрлэнэ. Бэлэггүй үг хэлбээс өөрт гай болно.
Мал амьтан муулбаас үхэл хагацал нүүрлэнэ.
Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Зөрчвөөс хар элэгтэй болно гэнэ. Сар шинээр өр авлага нэхдэггүй гэдэг ажээ.
С.БЯМБАДОРЖ /Монгол Улсын их сургуулийн ШУС-ийн Антропологи-археологийн тэнхимийн багш, угсаатан судлаач/