Ардчилсан намын нэртэй 2 сунгаа явагдаж байна. 3 дугаар сарын 28 өдөр намын дарга нэртэй 2 хүн тодрох болно. Аль нь жинхэнэ Ардчилсан нам гэдгийг ард иргэд бүү хэлж Ардчилсан намын гишүүний үнэмлэхтэй хэсэг нь ойлгохгүй болчихсон.
С.Эрдэнэ гэх толгойтой Ардчилсан намын даргын сунгаанд 5 нэр дэвшигч өрсөлдөж буй. Харин Ц.Туваан гэх толгойтой Ардчилсан намын даргын сунгаанд 4 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэг нэртэй хоёр нам уу эсвэл нэг нэртэй нэг намуу гэдгийг нэг их ялгах гээд хэрэггүй. Харин ингэж алалцаж байгаад нэг мөр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөчих хэрэгтэй.
Уг нь намын эрх ашгаас өмнө нийтийн эрх ашиг гэдэг зүйл улс төрд байх учиртай. Гэтэл Ардчилсан намынханд хувийн эрх ашиг нь нэгд. Харин хоёрт намын эрх ашиг. Гуравт нийтийн эрх ашиг хамааралтай гэдэг нь одоо буй ойлгомжгүй дүр төрхөөс нь харагдана. Бүгд хувийн эрх ашгаа нэгдүгээр тавьчихсан учраас нэгдэж нийлж чадахгүй нэг нэртэй хоёр нам үйл ажиллагаа явуулж, ижил өрсөлдөөнийг хоёр талд зохион байгуулж буй юм.
Ингэж мунгинаж, эвлэлдэж чадахгүй эцсээ хүртэл явах хэрэгтэй. Нэгэнт цайсан дээрээ цайгаад элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийхгүй эцсээ хүртэл хоёр талдаа гөжүүдлээд эргүүтэж байгаад дуусах нь хэн хэнд нь ашигтай байж мэдэх юм.
Тэртээ тэргүй энэ намд шийдэх асуудал, шийдвэрлэх зүйл олон байгаа. Ядаж л өвөө нар нь тэтгэвэртээ гарч өгөхгүй өрвөлзөж, өндийж ирээд өнөөх хэдэн залуучуудаа жийддэг гэмтэй. Нөгөө залуус нь гэж дээ. Ах нарынхаа өөдөөс арван үг холбоод хэлчих тэнхэлгүй алив цүнхийг нь зөөж л байвал албан тушаалтай гэх сэтгэлгээндээ хүлэгдчихсэн.
Ийм нам эцсээ хүртэл, ёроолдоо ортол унах ёстой юм. Уг нь энэ намынхан ёроолдоо хүрсэн гэж боддог юм билээ. Болоогүй. Болоогүй гэдгийг одоо буй бодлогогүй хоёр талын сонгууль харуулж буй юм.
Шалдаа бууж шаанс үгүй, сонгууль үгүй шал хоосон үлдсэн хойно булаалдах зүйлгүй бөөндөө уулзах биз. Тэр болтол тэврэлдэх хэрэггүй. Тэр чинь хэсэг хугацааны л зугаа байна. Тэрний оронд тэрсэлдсэн хэвээрээ дуусч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөчих. Та нар угаасаа энэ удаагийн сонгуульд орох ч хэрэггүй гэдгийг эцэстээ ойлго.