Цагаан сарын дараа АН-ын удирдлагууд уулзаж золгуут хийх үед Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа намынхаа нөхдөд дуулгасан байна. Ийм яриа өнөөдөр гарчихаж байгаа хэрэг биш. 2009 онд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах гэж байхад эцсээ хүртэл Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн хүн бол Э.Бат-Үүл. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлийг эртнээс базаасан гэж хэлж болно.
2012 оныг хүртэл Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн гэх сэтрээс өөр албан тушаалыг хашиж яваагүй нэгэн. Тэр нэрээ цэвэр байлгах гэж, элдэв хэл аманд өртөхгүй гэсэндээ ийм алхам хийсэн гэх явган яриа байна. Үнэн байх ч талтай.
2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллав. Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн том амлалттай сонгуульд орсон. Бас ялалт байгуулсан Э.Бат-Үүл 2016 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар санаанд оромгүй байдлаар ялагдал хүлээсэн билээ. Хэн ч түүний багийг тэгж шалдаа буутал ялагдал хүлээнэ гэж тооцоогүй биз.
Хүсэлд нь учрах тээг олон
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой 8-9 хүн байна. Эдгээрээс хамгийн их өндөр магадлалтай нь Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Н.Алтанхуяг нар. Үүн дээр өнөөх тоон дотор үсэг гэдэг шиг Б.Жаргалсайхан нэмэгдэнэ. Намынхаа удирдлагаас дэмжлэг авах, мөн намын эгэл гишүүдээсээ санал авах боломжтой нэр дэвшигч нь хэн вэ? Үүнд л хамгийн том асуулт тулгарч байгаа. Энэ өнцгөөс харах юм бол ийм магадлал нь Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарт илүү өндөр. Гэхдээ тэдэнд анхан шатнаасаа эхлээд өөрт нь үйлчлэх хөл, бас гар байхгүй. Иймд энэ 2 эрхэм намынхаа бүлэг фракцуудыг түшиж тусламж дэмжлэг авах нь гарцаагүй. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой дээрх хүмүүс нэгнийхээ хүсэлд чөдөр тушаа болох нь гарцаагүй юм. Э.Бат-Үүл бол МАН-аас хэн ч нэр дэвшсэн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэр Р.Амаржаргалтай харьцуулсан ч МАН-д хамгийн хүнд өрсөлдөгч нь байж чадна. Иймд АН дотроо алалцаж, айлгаж сүрдүүлэх хэлбэрээр Э.Бат-Үүлийг хүсэл бас тэмүүлэлд цэг тавих гэж зүтгэх магадлалтай. Үүнийг нь МАН гаднаас нь хараад суухгүй. Тэд ч дунд нь хутгалдан хор найруулж мэднэ. Аливаа зүйл дотроосоо л илүү өтдөг гэдэг шиг л зүйлийг хийх нь гарцаагүй ээ.
Сорилт нь мэдээж хэрэг МАН-аас ирэх хар мэдээлэл
Э.Бат-Үүлийн баг 2012-2016 онд Нийслэлийг удирдан ажиллахдаа алдаатай бас оноотой байсан нь гарцаагүй. МАН-ын баг албан тушаал дээр очсон өдрөөсөө л эхлэн бичиг баримт бүрт шалгалт оруулсан. Мөн Э.Бат-Үүлийн но-той, ноцтой бүхнийг уудлан гаргах үүргийг шат шатны дарга нарт өгчээ. Тэгэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Нийслэлийн зүгээс Э.Бат-Үүлийн эсрэг элдэв мэдээллийг эргүүлэн гаргаж ирнэ. Тэр бүхэнд ч Э.Бат-Үүл дэвтэж мэдээлэл, мэдэгдэл хийх үү гэдгийг харах л үлдлээ. Б.Чулуудайн оффшор дансны асуудал бол маш энгийн зүйл. Түүнээс ч илүү толгой эргүүлсэн мэдээллийг Нийслэлийн МАН гаргахаар аль хэдийн ажиллаж эхэлсэн гэх юм билээ.