Дорноговь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжив

Дорноговь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжив

Дорноговь аймагт Covid-19 дахин илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гарсан байна.

Харин Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Сайншанд, Иххэт, Замын-Үүд сумыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, халдварын тархалтын “Улаан" түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас ирэх дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжүүлжээ. Энэ хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, МСҮТ, өдөр өнжүүлэх болон бүх төрлийн сургалтын төв, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, сүм хийд, шашны  байгууллагын үйл  ажиллагаа, нийтийн хоолны үйлчилгээ, фитнесс, саун, халуун ус, нийтийн бүжиг, соёл спорт клуб, бариа засал, үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг хязгаарлах аж.

Харин Дэлгэрэх, Мандах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу халдварын тархалтын “Улбар шар" түвшинд гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл шилжүүлжээ. Энэ хугацаанд соёл  урлаг, кинотеатр, спортын тэмцээн уралдаан, олон  нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, жагсаал цуглаан, нийтийн үзвэр, үйлчилгээний газар (баар, караоке), цахим болон бүх төрлийн хүүхдийн  тоглоомын газрын үйл ажиллагаа болохгүй. Дээрх шийдвэрийг улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гаргасан байна.

Нөхцөл байдлын тандалт судалгаа хийх, голомтыг тогтоох зорилгоор өчигдрийн байдлаар Замын-Үүд, Сайхандулаан, Сайншанд, Алтанширээ сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллага, иог, спининг, спорт клуб, фитнесс, спорт заалын үйл ажиллагааг гуравдугаар сарын 26-ны 06.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаад байсан юм. Мөн уул уурхайн болон бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагын ажилчдын ээлж солилцох хугацааг гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 15 хоногоор хойшлуулахаар боллоо.

Түүнчлэн олон улсын болон орон нутгийн ачаа тээвэр эрхэлж буй жолооч нарын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тусгай нөхцөлд гүйцэтгүүлэх, долоо хоногийн хугацаагаар тусгаарлан ажигласаны үндсэн дээр зорчих хөдөлгөөнд оролцуулах, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, халдвар хамааглалын дэглэмийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг шуурхай штабаас анхаарууллаа.