Сэтгүүлч М.Батдорж сан” болон “Хэвлэлийн эрх чөлөө төв” Төрийн бус байгууллага хамтран 4 дэх жилдээ Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд Эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаан нь оюутануудын дунд болдог уралдаанаас шагналын сан болон үр өгөөжөөрөө ялгарч өгдөг юм.
Уралдааны тэргүүн байранд орсон оюутны сургалтын төлбөрийг 100 хувь олгоно.
Мөн тусгай байранд орсон 5 хүүхдэд мөнгөн шагналаар урамшуулахын зэрэгцээ дадлага хийх нөхцөл боломжийг өгдөг давуу талтай.
Энэхүү уралдааныг Монголын Үндэсний сэтгүүл зүйн өдөр буюу 3 сарын 6-нд зарлаж Хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5 сарын 3 өдөр шалгаруулан байр эзэлсэн оюутан бүрт шагналыг нь гардуулдаг уламжлалтай.
2017 оны уралдааны хувьд удирдамж дээр тусгасан тодорхой шалгуурын хүрээнд зохион байгуулагдах юм. Энэ жилийн уралдаанд тавигдаж байгаа гол шалгуур нь эссэ бичлэгийн сэдэв. Учир нь өнөөдөр сэтгүүл зүй болон нийгмийн сүлжээ хоёрыг ялгахгүйгээр асуудлыг хэт гуйвуулах хандлага олон нийтийн дунд бий болох болов.Иймд сэтгүүлчээр сурч байгаа оюутан бүр энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь зүйтэй гэсэн үүднээс “Цахим орчин дахь бидний араншин” гэсэн сэдвийг уралдааныг зохион байгуулах багийн зүгээс гаргаад байна.
Өмнө нь зохион байгуулагдсан 3 удаагийн эссэ бичлэгийн уралдааны үр дүнд 3 оюутан сургалтын төлбөрөө “Сэтгүүлч Батдорж сангаар төлүүлсэн байна. Мөн 15 оюутанд мөнгөн шагналын урамшуулал олгожээ.
Энэхүү уралдаан нь Эрхэм анд нөхөр сэтгүүлч асан М.Батдоржийн гэгээн дурсгалыг хүндэтгэх. Түүний сэтгүүл зүйн салбарт байгуулсан зам мөрийг үргэлжлүүлэх, Монголын сэтгүүл зүйн салбарын ирээдүйн боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг юм.