Хатуу хөл хорио тогтоогоогүй Засгийн газрын шийдвэр хэдэн хүний амь насны үнэтэйг 14 хоногийн дараа мэднэ
Хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналийг Засгийн газар дэмжсэнгүй. Нийгмийн нэг хэсэг боорлож орилсонд айсандаа Засгийн газар танхимын шийдвэр гаргаж, энэ удаад хатуу хөл хорио тогтоохоос зугтав.
Өнөөдөр зугтаж болох ч маргааш зугтах боломжгүй буланд шахагдсан хойноо амаа барих эрсдэл үүсэх хэмжээний шийдвэр нь энэ байв.
Өнөөдөр COVID-19 өвчний шинэ тохиолдол 377 бүртгэгдсэн. Өчигдөр 481, түүний өмнөх өдөр 575 бүртгэгдээд байна. Сүүлийн гурав хоногт 1400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв. Нэг хүний цаана халдварын 3-4 тохиолдол гэж бодох юм энэ 10 хоногт дор хаяж өдөрт 1000 шинэ тохиолдол бүртгэгдэж болзошгүй. Тэр нь цаашаа хэд салаалж, хэрхэн дамжих нь ойлгомжгүй нөхцөл байдалд дээрх шийдвэр гарав. Эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн математик тооцооллоор бол хэрэв энэ чигээрээ байх юм бол удахгүй өдөрт бүртгэгдэх тохиолдол 5000 болно гэж анхааруулж байна.
Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүчин чадар өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад тун ч маруухан. Сэхээн амьдруулах тасагтай эмнэлэг хуруу дарам. Сумын эмнэлэгт сэхээн амьдруулах ганц, хоёр ор л байгаа. Зарим суманд сэхээн амьдруулах ор байхгүй гэхэд нэг их хол зөрөхгүй.
Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар шатлалын болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт тулгуурлаж сэхээн амьдруулах тасаг ажиллаж болно. Гэхдээ хүн амтайгаа харьцуулахад боломж хязгаарлагдмал. Ихэнх дүүрэгт хүчил төрөгчийн аппараттай сэхээн амьдруулах орны нөөц 5-8 байдаг. Нийт эмнэлэгт сэхээн амьдруулах ор бэлтгэнэ өдөрт хэдэн мянгаар бүртгэгдсэн COVID-19 өвчнөөс хүндэрсэн хүмүүсээ авч дийлэхгүй нөхцөл байдал үүснэ.
Монгол улсын нийт хүн амын дунд зүрх судас, хоол боловсруулах, хавдар гэх мэт өвчлөл өндөр. Мөн осол гэмтэл өндөр хувьтай байдаг. Энэ бүхнээс шууд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх хүний тоо тогтмол нэмэгдэж байдаг. Ийм нөхцөлд COVID-19 өвчнөөр өвчилсөн хүнийг сэхээн амьдруулах тасагт авах уу? эсвэл өөр өвчнөөр өвдсөн хүнийг сэхээн амьдруулах тасагт авах уу гэдэг асуулт Эрүүл мэндийн салбарт тулгарч эхлэх болно.
Улс төрчид нэг л сайхан зүйл ярьж, агаарт хөвөрч байна. Буянт-Ухаа спорт ордон, Бөхийн өргөөнд ор дэлгэж COVID-19 өвчнөөр өвчилсөн өвчтөн авах юм гэнэ. Тэнд нь хүчил төрөгчийн аппарат байхгүй, ажиллах эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ байхгүй. Зүгээр л өмнөх асуудал хариуцсан улс төрчдийн түмний хуурсан төөрөгдүүлсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь өнөөдөр ч яригдаж байгаа нь энэ. Жишээ нь Буянт-Ухаа спорт ордонд 1000 ор дэлгэчихэе. Тэнд хүндэвтэр хүн авч эмчлүүлнэ гэхээр заавал амьсгалын аппарат хэрэгтэй. Гэтэл тэрийг нь байршуулах технологи, тоног төжөөрөмж нь Монголд алга. Өнөөх хөнгөн гэгдээд байгаа өвчтөнүүдийг бөөнд нь нэг зааланд оруулж хэвтүүлэх гээгүй л юм бол энэ шийдэл нь зүгээр шоу.
Эрүүл мэндийн салбарт 56 мянга орчим хүн ажиллаж байна. Тэдний 10 мянга орчим нь эх эмч. Энэ хүмүүс зөвхөн COVID-19 өвчинтэй тэмцэээгүй. Монголд бүртгэлтэй 400 орчим өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлэх, өвдсөн бол эмчлэх зэрэг арга хэмжээг авдаг. Гэтэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр цааашаа ачаа үүрээд яв гэж өнөөдөр Засгийн газар Эрүүл мэндийн салбарыг ташуурдав. Хэрэв тийм бол түүнээс үүсэх хүний амь нас, эрүүл мэндийн салбарын доголдлыг хэн хариуцах бэ? Шийдвэр гаргасан Засгийн газар уу? ийм шийдвэр гаргахад нөлөөлж нийгмийн сүлжээнд зогсоо зайгүй хараал урсгаж, шүлсээ үсчүүлсэн та бүхэн үү гэдгийг бодох цаг.
Хатуу хөл хорио тогтоогоогүй энэ удаагийн шийдвэр хэдэн хүний амь насны дайтай байхыг 14 хоногийн дараа бид мэдэх болно.