Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 8 дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үүнээс 6 дүүрэгт нь МАН олонх болж, МАН-аас нэр дэвшигч Засаг даргаар томилогдсон. 2 дүүрэгт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Засаг дарга болсон. Баянзүрх дүүргийн хувьд 41 тойргийн 35 дээр нь сонгууль маргаангүй явагдаж, 35 төлөөлөгчийн эрхийг сонгуулийн хороо баталгаажуулсан шийдвэрийг хотын даргад ирүүлсэн.Маргаантай 6 тойргийн асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 5 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргын хувьд хүлээцтэй хандсан. Харин энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Баянзүрх дүүргийн 6 тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан.
Миний бие энэ шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулийн дагуу мандатаа авч, бүрэн эрх нь баталгаажсан төлөөлөгчдийн олонхи нь хуралдаад, засаг даргад нэр дэвшүүлж,албан ёсоор баталгаажуулж ирсэн Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр тус дүүрэгт сонгуулийн тойргийн хорооноос мандатаа авч бүрэн эрх нь баталгаажсан 35 төлөөлөгчийн 19 нь МАН, 16 нь АН-ын төлөөлөгч байна. Засаг даргын захирамжаа пүрэв гарагийн орой Баянзүрх дүүрэг дээр очиж Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан тус дүүргийн орлогч дарга, тамгын газрын дарга болон албаны хүмүүст сонсгосон. Харин дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа байгаагүй учраас баасан гарагийн өглөө дахин очиж танилцуулсан. Үүнийг Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч болон тус намын гишүүд эсэргүүцсэн.
Өнөө өглөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нийслэлийн засаг даргын хувьд хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.“ гэсэн юм.
Үнэн хэрэгтээ С.Батболдын хувьд улс төржсөн шийдвэр гаргасан гэдэг нь ойлгомжтой боллоо. Үүнийг нь шүүх шүүлтүүрээрээ оруулаад гаргахдаа баталчихав. БЗД-ийн ардчилсан намын зүгээс маргаантай гэх 6 нэр дэвшигчийн гомдлыг шат шатны шүүх хэлэлцээд шийдсэн. Харин Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо давж заалдаад бүтэлгүйдсэн. Тэгэхэдээ төрийн нэрээр далайлгаж түмний эрх ашгийг уландаа гишгэж албан тушаалыг булаан авах гэж оролдлоо гэдэг тайлбарыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдэгдээд байна.