Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өчигдөр /2021.04.02/ нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцжээ.
Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийн төлөөллүүд хэлсэн байна. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжлав. Мөн хувийн хэвшлийнхэн "Covid-19-тэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвт 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэсэн юм.