Улсын онцгой комиссын Шуурхай штабаас шөнийн хөл хориог цуцалсан болохыг мэдээллээ.
Тодруулбал, оройн 23:00 цагаас эхлэн өглөөний 06:00 цаг хүртэл тогтоогоод байсан хөл хориог зогсоосон байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор лоунж, караокэ, барны үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Нийслэлийн Засаг даргын өмнөх захирамж хүчингүй болсон. Нэгэнт бар, ресторан 22:00 цаг хүртэл ажиллахгүй тул хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ хязгаарлахгүй байгаа нь иргэд дураараа явна гэсэн үг биш. Эргүүл чиглэлийн дагуу ажиллана” гэсэн тайлбарыг өглөө.
Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд шилжээд байна.
Нийт 16 хоног улбар шар түвшинд байх бөгөөд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.