УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор баривчилж цагдан хориод байсан билээ. Түүний хувьд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж өлсгөлөн зарлах мэдээлэл гараад байсан. Харин хэргийг хянаж байгаа албаныхан Б.Гарамгайбаатарыг цагдан хорьж, мөрдөн байцаалт явуулах шаардлага байхгүй гэж үзжээ. Иймээс Нийслэлийн Прокурорын газраас Б.Гарамгайбаатарыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал гаргасан байна. Уг саналыг шүүх хүлээн авч хэлэлцээд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Тэгэхээр 2017 оны 03 сарын 06 өдөр гарсан шийдвэрийн дагуу Б.Гарамгайбаатар суллагдсан байна.
Харин Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг цагдан хорих нь зөв гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа гэнэ. Н.Батбаярыг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Прокурорын байгууллагаас яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд ирүүлээд байгаа юм. Шүүх хурал болоогүй гэдэг мэдээллийг өгч байна. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорино гэлээ.