Дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэд буюу 60-аас дээш насны ахмадуудыг ковид-19 өвчний эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулах ажлыг зохион байгуулах шийдвэр гарчээ.
Засгийн газраас тогтоосон хатуу хөл хорионы журмыг харгалзан вакцинжуулалтын цэгүүдэд олгосон тус бүр гурван автобусаар вакцинд хамрагдах ахмадуудыг зөөвөрлөж, цэгүүд дээр авч ирж дархлаажуулах юм. Ингэхдээ вакцинд хамрагдах ахмад настныг утсаар холбогдон очиж авах бөгөөд зохион байгуулалтыг дүүрэг хороо бүр хариуцан ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн хувьд 11 дүгээр сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настанг вакцинжуулахаар төлөвлөгөө гаргасан байна.
Ахмадын төв эмнэлэг буюу Герентлогийн төвөөс гэртээ хэвтэрт байдаг, байнгын асаргаатай гэх шалтгаантай, тус төвд хяналтад байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах ажлыг хийхээр явуулын иж бүрэн цэгийг байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
Дүүрэг бүрт ажиллах вакцинжуулалтын цэгүүд:
- Баянзүрх дүүрэг -113 дугаар сургууль
- Баянгол дүүрэг -20 дугаар сургууль
- Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг – Есдүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль,
- Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
- Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Ахмадуудыг анхны тунд хамруулахаар ажиллах болсон шалтгаан нь уг насны хүмүүсийн дунд өвчлилсөн нөхцөлд нас барах магадлал их байгаатай холбоотой юм.