УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой мэдээлэл цахим орчинд дуулиан дэгдээж байна. Тодруулбал, иргэн Б.Сүндэрьяаг олон сараар дарамталж, сэтгэл санааны хохирол учруулсан тухай мэдээлэл юм.
Сошиал орчинд хохирогч гэх эмэгтэйн бичсэн зүйл олныг цочроосон төдийгүй Ц.Анандбазар гишүүний хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн дуу хоолойгоо илэрхийлсэн давалгаа уг бичиглэлийн дор хэдэн арван метрээр үргэлжилж байна. Тэгвэл энэ асуудал нь үнэхээр гэмт хэрэг мөн үү гэсэн асуулт хариугаа нэхэж эхлэв. Өнөөдөр Б.Сүндэрьяа ЦЕГ-т өргөдлөө өгч, сэтгүүлчдийн асуултанд хариу өглөө. Тэрбээр, Ц.Ананбазарын дарамт хэзээнээс эхэлсэн талаар тодорхой хариулт хэлж, орцны үүдээр ямар хүмүүс машинтай эргэлдэн, танил талаар нь дамжуулж тохиролцоонд хүрэх санал тавьж байгааг дуулгав. Гишүүний хүчирхийлэлд өртсөн мянга гаруй хохирогч эмэгтэй байгааг ч онцоллоо. Мөн Монголын нэртэй сэтгүүлчид ярилцлага өгөх байснаа хойшлуулсан гэлээ. Үүнээс гадна Ц.Ананбазарын дарамтыг тэсвэрлэхээ байж, хувийн хамгаалалт, өмгөөлөгч авч, тусгайлсан машинаар зорчиж байгаа аж.
Харин энэ асуудалд Ц.Анандбазар гишүүн ямар нэгэн тайлбар өгөөгүй төдийгүй нам жим байсаар. Магадгүй энэ асуудал үнэн бол УИХ-ын гишүүний дархан эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг прокурорын байгууллагаас парламент дахь Халдашгүй байдлын дэд хороонд тавьж хэлэлцүүлэх шаардлага үүснэ. Энэ тохиолдолд Ц.Анандбазар гишүүний халдашгүй дархан эрхийг хасах уу, эсвэл хамгаалж үлдэх үү гэсэн асуулт бий.
Ёс зүйн алдаа гаргаагүй бол "Сод монгол"-оор овоглогдох Ц.Анандбазар гишүүн халдашгүй эрхээ түр хойш тавиад шалгуулчихгүй юу гэсэн иргэдийн байр суурь ч энд сонирхол татсан сэдвийн нэг. Гэхдээ үнэн худлын дэнсийг нэг тийш болгох уг шийдвэрийг дархан эрхтэй тэр хүн л шийднэ. Мөн нэр төрд нь сэв суугаад байхад яагаад хэлгүй дүлий хүн мэт сууна вэ гэдэг анхаарал татсаар байгаа. Ямартай ч цаг хугацааны эргэлтээр дэнс аль тийш жин дарахыг харах л үлдлээ.