Хөл хориог улам чангатгаж, хугацааг нь сунгая

Хөл хориог улам чангатгаж, хугацааг нь сунгая

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаад тав хонов. Гамшгийн зэрэглэлээр энэ бол улаан өнгөөр тэмдэглэдэг хамгийн хатуу хөл хорио. Харамсалтай нь энэ удаагийн хатуу хөл хорио өөх ч биш, булчирхай ч биш гэгч л болж байна. Явган зорчигчид эрх дураараа. Зөвшөөрөгдсөн салбарын гэх авто машинууд сүлжилдсэн хэвээр. Эхний өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд пиг дүүрэн хүнтэй зорчиж байсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарснаар үйлчилгээнд гарах автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлсэн.  Хөл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, хяналт тавьж чадахгүй юм бол хөл хорио тавьсны хэрэг юу байна. Дахиад арав хоноход юуг өөрчилж чадах вэ. Энэ байдлаараа бол халдварын хүрээг хумьж чадахгүй.

Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж, өнөөдөр хамгийн өндөр буюу 1220 тохиолдол бүртгэгдлээ.  Тиймээс одоо бүх нийтиийн бэлэн байдлын зэргийг мөрдсөн шиг мөрдөх хэрэгтэй байна. ЭМЯ-наас анх 28 хоногийн хөл хорио тогтоох санал гаргасан ч УОК дэмжээгүй. Эцэстээ тал еэвэнгийн үлгэрээр хоёр долоо хоног хөл хорихоор болсон. Уг нь ЭМЯ мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тандалтад үндэслэн нөхцөл байдлыг үнэлж 28 хоногийн хатуу хөл хориог санал болгосон байж таарна. Энэ нь ч зөв байсан болов уу. Хоёрын хооронд хоёрхон долоо хоног хөл хорьсон болж нүглийн нүдийг гурилаар хуурах хэрэг байна уу? Хүн амынхаа эрүүл мэндийг бодсон ч, эдийн засгаа бодсон ч хатуу хөл хориог чангатгаж, хугацааг нь сунгах нь хамгийн зөв шийдэл. Өөр гарц алга. ЭМЯ-аа сонсъё, эмч нарынхаа үгийг авъя. Цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хориог улстөрчид биш эмч нар л шийднэ.  

эх сурвалж: elive.mn