3-р сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өртөг бүхий евро бондын өрийг шийдвэрлэх асуудал энэ жил МУ-ын ЗГ-ын анхны сорилт байсан. Тэгвэл ЗГ-аас Хөгжлийн банкны бондын өрийг шинэчлэх зорилгоор Хуралдай нэртэй шинэ бондыг гаргаад байна. Ийнхүү хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих саналыг тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй 8,75 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай шинэ бондыг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. "Хөгжлийн банк"-ны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар. Тэгвэл үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрчээ. Харин үлдсэн хэсгийг оролцуулаад нийт 124 сая ам.долларын хэмжээтэй бондыг шинэ хөрөнгө оруулагчдад 106 ам.долларын үнэтэй, 7.625 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа юм.
Энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дараах тайлбарыг өглөө.
Хэрвээ бид эдийн засгаа сайжруулж чадахгүй бол өнөөдрийн хувьд харьцангуй зөв гэж үзэж байгаа бондыг бондоор солих энэ шийдвэр ирээдүйд буруу шийдвэр болох эрсдэлтэй. Учир нь бондыг шинэчилж байгаа явдал нь эдийн засагт өгөөжтэй үйл явц биш. Мөн өнөөгийн хүндрэлийг шууд давж байгаа хэрэг биш юм. Тэгэхээр цаашид ЗГ-ын хувьд, Валютын Сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртөө илүү хариуцлагатай хандаж, түүнийхээ хажуугаар өрийн дарамтыг даамжруулахгүйн тулд үндэсний эдийн засгаа сэргээх шаардлагатай гэдгийг эдийн засагч сануулж байна.Энэ тухай “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэнгийн захирал Д.Амгалан ийнхүү ярьсан юм.
Шинээр гаргаж буй хуралдай бондын зах зээлийн арилжааны төлбөр хийгдэх өдрийн тов гуравдугаар сарын 9-нд байгаа тухай Блүүмберг агентлаг мэдээллээ. Бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын бүтцийг бүс нутгаар нь харвал 76 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчид зургаан хувийг бүрдүүлж байгаа юм байна.