Хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авах нь шударга зарчим

Хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авах нь шударга зарчим

МУ-ын Засгийн газар, ОУВС-аас санхүү, эдийн засгийн тусламж авах “Өргөжүүлсэн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ татварыг нэмэгдүүлэх чиглэлд 8 төрлийн арга хэмжээ авахаар яригдаж байгаа. Үүний нэг нь бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод ирэх сарын 1-ээс эхлэн татвар ногдуулахаар болж байгаа юм.

Б.АЛТАНЗУЛ САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА

Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулахаар байжээ. Харин энэ арга хэмжээ нь үндсэндээ татвар ногдуулж эхлэх хугацааг 9 сар наашлуулж байна гэж хэлж байгаа юм. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 26 тэрбум, 2019 онд 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Гэтэл бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын хуримтлалын түвшин маш бага. Угтаа хуримтлалаас бий болсон эх үүсвэрээр хөрөнгө оруулалт, зээл олгож байж улс орны хөгжил урагшилдаг жамтай. Сүүлийн жилүүдэд иргэдийг санхүүгийн баталгаатай эх үүсвэртэй, хуримтлалтай болгохын төлөө олон нийтийн дунд өргөн хүрээтэй аян өрнөж байгаа билээ. Харин эрх баригчид нийт хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүүнээс ийнхүү татвар ногдуулахаар болж байгаа нь хуримтлалыг дэмжсэн бодлого биш гэдгийг хэлж байна.

Ж.ҮНЭНБАТ МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Хэдийгээр иргэд хадгаламжаа татах, эсвэл хуримтлал буурна гэдгийг одоо шууд хэлэх боломжгүй боловч, мэдээж хэрэг энэ шийдвэр нь иргэдийн хуримтлуулах сонирхолд эерэгээр нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм.