Эрүүл мэндийн яам хатуу хөл хориог 28 хоног байлгах тухай санал гаргаж Монгол улсын засгийн газарт оруулсан. Гэвч Засгийн газар хатуу хөл хорио 15 хоног байхад болно гэж лүндэн буулгав.
Улсын онцгой комисс хатуу хөл хорио ямар байх тухай хэдэн хуудас тогтоол гаргаж, хэрэгжилтийг аймаг, нийслэлийн онцгой комисс шийдвэрлэх үүрэг болгов.
Хатуу хөл хорионы үр дүн төдийлөн гарахгүй байгаа шалтгааны нэг талд иргэд нөгөө талд албаныхан байгаа гэдэг байр суурийг олон хүн илэрхийлж байна. Иргэдийн ухамсар гэртээ суух бус гадуур явах талд илүү байгаа учраас энэ мэт асуудлыг цэгцлэх шаардлага гарч байна.
Нийгмийн сүлжээнд хуруугаа хөдөлгөж, шүүмжлэхийн дон туссан хэдхэн хүний үгэнд орж улс төржсөн ухаангүй шийдвэр гаргаж ургашгүй албат нарынхаа доог тохуу болж суухын оронд мэргэжлийн байгууллагын мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарт нь итгэж шийдвэр гаргаж сурая.
Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хориог 28 хоног байлгая. Хорихдоо хатуу гэдэг үгийг чухалчилж хөдөлгөөний 92 хүртэл хувиар хумих талын арга хэмжээг авая гэдэг шийдвэрийг УОК болон Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл гаргасан шийдвэр нь өнөөх кинон дээр гардаг дөрвөн дугуйны онигоо шиг юм болж байна.
Угтаа бол Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох үндэслэлээ нас баралт эрс нэмэгдэх, өдөрт гарах халдварын тохиолдол гурван мянгаас давахаар эрсдэлтэй байгааг шинжлэх ухаан, математикийн тооцооллоор гаргаж ирсэн байдаг. Яг энэ үндэслэл нь өнөөдөр яав цав таарч яваа.
Хэрэв хатуу хөл хориог 14 хоног байлгах юм бол тохиолдын тоо мянгаас буурахгүй, нас баралт 10 дотор байна гэж мэдэгдэж байжээ. Яг л тэр дагуу өдөрт тогтмол мянгаас дээш бүртгэгдэж байгааг та бид Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллээс харж байна.
Хэрэв цаашид хатуу хөл хориог сунгахгүй бол өнгөрсөн өдрүүдийн үр дүн гарахгүй. Зүгээр л хорьсон нэр зүүж, хоригдсон нэр зүүсэн хэлбэр төдий үйл явдал болж мэдэхээр байна. Иймд эрүүл мэндий яамны саналыг сонсч, эрүүлээр сэтгэх цаг шүү энэ удаад гэдгийг эрхэм улс төрч нэртэй ухаанаа барсан улс төрчдөд захья даа.