Сэлэнгэ мөрнийг гаталж явсан завь хөмөрч, 7 хүн усанд осолдсон дуудлагаар аврагчид ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т) 10 хүн Сэлэнгэ мөрнийг гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн усанд осолдсон дуудлагыг өчигдөр 20.23 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ.
Иргэн 38 настай, эрэгтэй Ү, 16 настай, эрэгтэй Б, 3 настай, эрэгтэй А нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харамсалтай нь, иргэн 62 настай, эрэгтэй Т, 50 настай, эрэгтэй Ц, нас тодорхойгүй, эрэгтэй Г, 38 настай, эмэгтэй У, 32 настай, эмэгтэй У, 8 настай, эмэгтэй Б, 5 сартай, эмэгтэй А осолдсон нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалт хийж, эрэн хайж байгаа.
Өглөөний 9.36 цагт 50 настай, эрэгтэй Ц, 10.00 цагт 5 сартай, эмэгтэйн А нарын цогцсыг гаргаад байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, ЗДТГ-ын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.