УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зөв эсэхийг хэлэлцлээ. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийн заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулсан юм.
1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.
2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.
5.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
6.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
Тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.
Ингэснээр Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхгүй болж байна.