"Оскар" авсан хоёр дахь эмэгтэй найруулагч
Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ыг гардуулах ёслол болж байна. Энэ удаагийн шалгаруулалтын “Шилдэг найруулагч” номинацид Хлоэ Чжао хэмээх бүсгүй өнгөлж, түүхэнд бичигдэх амжилтын эзэн болсон юм. Тэрээр “Нүүдэлчдийн нутаг” хэмээх бүтээлээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Хлоэ Чжао “Оскар”-ын түүхэнд энэ шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй найруулагч, анхны ази хүн болсон юм. Түүнээс өмнө Кэтрин Бигелоу энэ шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй уран бүтээлч болоод байсан билээ.
Бээжинд төрж, 14-тэйгөөсөө Их Британид боловсрол эзэмшиж, АНУ-ийг суугуул нутгаа болгосон...
Бээжинд төрж, 14-тэйгөөсөө Их Британид боловсрол эзэмшиж, АНУ-ийг суугуул нутгаа болгосон энэ эмэгтэй бүтээлүүддээ ихэвчлэн мэргэжлийн бус жүжигчдийг тоглуулдэг гэдгээрээ бусдаас онцгойрдог. Хэдий тийм ч бүтээлүүд нь дажгүй сайн болдгийг бодвол тэрээр хүний жүжиглэх авьяасыг нээхдээ гарамгай нэгэн гэдэг нь илэрхий. “Оскар” хүртсэнээр түүнийг орчин үеийн хамгийн авьяаслаг найруулагчдын нэг гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байна.
Хлоэгийн эцэг нь Хятададаа гангийн үйлдвэрийг амжилттай удирдаж байсан бол хойт эх нь хошин шогийн алдартай жүжигчин Сун дандан байжээ.
Түүний ертөнцийг үзэх үзэл нь ч гэгээлэг. Үүнийгээ “Оскар”-ын шагнал гардаж авчихаад хэлсэн үгэндээ тэрээр хангалттай илэрхийлсэн.
Чарлин Сванкитай хамт "Оскар 2021" ёслолын үеэр.
“Нөхцөл байдал хүнд болж, цаашид яах вэ гэдэгт санаа зовж эхлэх үедээ би бага нас, хүүхэд байхдаа сурч мэдсэн рүү өнгийж хардаг. Бага байхдаа би аавтайгаа нэг тоглоомыг их тоглодог байв. Хятадын эртний яруу найргуудыг цээжилж, нэг нь дутуу уншихэд нөгөөх нь гүйцээж уншдаг тоглоом л доо. Тэр үед цээжилж байсан шүлэгнүүдээс “Төрөхдөө бүх хүмүүс сайн хүн байдаг” гэсэн зургаан үг сэтгэлд тод үлджээ. Бага байхад энэ шадад бичигдсэн утга санаа надад ихээр нөлөөлдөг байсан бөгөөд би одоо ч үүнд гүнээ итгэдэг.
Заримдаа бүгд эсрэгээрээ байж болох ч би дэлхийн хаана ч байсан, учирсан бүх хүмүүсээсээ зөвхөн сайн талыг нь олж харахыг хичээж ирсэн. Тиймээс миний бүтээлүүд бие, биедээ сайн сайхныг бэлэглэж, хэчнээн хүнд хэцүү байлаа ч урам зоригоо алдаагүй хүмүүст зориулагдсан. Танд зориулагдсан. Та надад цаашид үргэлжүүлэх эрч хүч урам зориг өгсөн” гэж тэрээр хэлжээ.
Хлоэ Чжао ба БНХАУ
Хлоэ Чжао төрөлх эх орон БНХАУ-ын талаар одоо ямар бодолтой байдаг нь бүрхэг. Тэрээр энэ талаар баримжаа өгөх мэдээллийг 2013 онд өгсөн нэг ярилцлагадаа л цухуйлгасан байдаг бөгөөд түүндээ тийм ч сайхан зүйл хэлээгүй байдаг юм. Тодруулбал, тэрээр өсөж өндийхдөө дуулж сонссон, итгэдэг байсан зүйл нь тэр чигтээ худал хуурмаг байсанд ихэд гутарсан, тийм ч учир гэр бүлдээ дуулгаваргүй, угсаа гаралтайгаа үл эвлэрсэн хүн болсон гэж ярьсан байдаг юм.
Фрэнсис МакДормандтай "Нүүдэлчдийн нутаг" киноны зураг авалтын үеэр...
Тиймээс “Nomadland”-ыг гарсны дараа Хятадын олон нийтийн сүлжээнд кинонд хэрхэн хандах, улс оронд гаргаж болох эсэх асуудлыг хөндөж байлаа. Гэхдээ Оскар гардаж авсны дараа Хятадын олон нийтийн сүлжээнд түүний талаар гэрэл гэгээтэй мэдээлэл голчилж байна. Тухайлбал Weibo сүлжээнд нэгэн хэрэглэгч түүнийг “Хятадын гэрэл” гэж нэрлэжээ. Гэхдээ түүний нэр болон Оскар авсан талаарх мэдээлэл Weibo-гийн хамгийн их эрэлттэй үгсийн жагсаалтад байхгүй байгааг гайхжээ.
Нэгэн хэрэглэгч түүний бүтээлүүдэд улс төрийн гүн гүнзгий утга агуулга шингэсэн байдаг гээд нэг ч ухаалаг хүн хятадын зах зээлээс татгалзаж чадахгүй гэжээ.
Ерөнхийдөө Хятадад түүнийг эерэгээр хүлээж авч байгаа ч албан ёсны харилцаа ямар байх нь тодорхойгүй. Тэрээр Хонконгийн салан тусгаарлагчдын талаар “Бүү хуваа” хэмээх баримтат кино бүтээсэн нь эх газарт ярианы сэдэв болоод амжсан. “Оскар” гардуулах ёслолыг БНХАУ-д шууд дамжуулж үзүүлээгүй нь чухам үүнтэй холбоотой гэж ВВС бичжээ.