Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ. Мөн үүнтэй холбоотойгоор гишүүдийн шинэчилсэн бүртгэл давхар явагдаж байгаа юм. Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал орж байгаа. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцоно. Тухайлбал, ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм. Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 11-ны өдрөөр дуусгавар болох юм байна. Үндэсний бодлогын хорооны гишүүний татвар нь чамгүй өндөр байх тухай яриа байдаг. Үндэсний бодлогын хороонд оролцох эрх өвөртлөхийн тулд намынхаа анхан шатны үүрийн дарга болох. Цаашлаад сум дүүрэг, аймгийн намын хорооныхоо дарга болохоор улс төрчид хүч хаяж эхэлсэн мэдээлэл байна. 700 хүн гэдэг нь зөвхөн Үндэсний бодлогын хорооны сонгуульд өрсөлдөх хүмүүс. Үүн дээр нэмээд үүрийн дарга, сум, дүүрэг, аймгийн намын хорооны дарга болон бусад шатны сонгуульд өрсөлдөх хүний тоо нь тусдаа гарах юм байна. Эдгээр сонгуульд хэдэн мянган хүн өрсөлдөж магад үгүй гэж Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас үзэж байгаа гэсэн.