Манай улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай, экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эзэлдэг. Тухайлбал ҮСХ-оос гаргасан статистикаас харахад нийт экспортын 40 орчим хувийг нүүрс, 32 хувийг зэсийн баяжмал, 7,2 хувийг боловсруулаагүй газрын тос, 4,2 хувийг алт, 3,5 хувийг төмрийн хүдэр эзэлж байна.
Харин ойрын жилүүдэд манай улсын экспортын голлох түүхий эдийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн ханш дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байна. Дэлхийн Банкнаас нүүрсний үнэ тонн нь дунджаар 70 орчим ам доллар байхаар таамаглаж байгаа бол, ОУВС-аас 2017 онд 83,7 ам. доллар байна гэж таамаглаж байна.
Зэсийн хувьд, Хятадын хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэглээ, эрчим хүчний дэд бүтцийн сайжруулалт, мөн АНУ, Европын улс орнуудын эрэлт цаашид харьцангуй тогтвортой байх зэрэг нь зэсийн үнийг цаашид өсөх дүр зургийг харуулж байна.Харин гадаад зах зээл дээрх ийм таатай үеийг эдийн засагтаа үр өгөөжтэй байдлаар ашиглахын тулд төр, засгийн зүгээс уул уурхайн салбараа дэмжин, наад зах нь тээвэрлэлтийн хүчин чадлаа сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн үнэ эргэн сэргэж буй энэ таатай үед манайд орж ирэх гадны хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэж байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын тогтвортой орчин, төр засгийн байр суурь тодорхойгүй хэвээр л байна. Ялангуяа бид 2017 онд 3-4 томоохон мега төслүүдээ хэрэгжүүлнэ гэж байсан ч, энэ жилдээ ганцхан Гацууртын төсөл л урагшлах бололтой.
Цаашид Оюутолгойн далд уурхайн 2-р шатны бүтээн байгуулалтад 4.6 тэрбум USD хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр 2022 оноос далд уурхайн үйлдвэрлэл явагдаж эхэлснээр Монголын нийт зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна. Эрдэнэт, Оюутолгойн тогтвортой үйл ажиллагаа нь зэсээс орж ирэх ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Гэтэл 200 гаруй хувийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нүүрсний салбар ЭЗ-ийн хувьд илүү үр өгөөжтэй. Гэтэл төрийн мэдлийн Тавантолгой өрөнд ороод байгаа бол том Тавантолгой урагшлах эсэх нь одоо хэр нь тодорхойгүй байна. Уг нь Тавантолгойн төслийг хэрэгжүүлж эхэлбэл МУ-ын ДНБ одоогийнхоос 20 хувиар өснө гэсэн тооцоо байгаа.