7 төрлийн татвар нэмэх юм бол аж ахуйн нэгжүүд ажлын байраа цөөлнө

7 төрлийн татвар нэмэх юм бол аж ахуйн нэгжүүд ажлын байраа цөөлнө

Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд салбарын яамнаас тодорхой алхмуудыг хийнэ гэж хэлж байна. Гэвч ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 7 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн, татварын орлогын удирдлагыг сайжруулах чиглэлд хуулийн төслийг шинэчлэн боловсруулахаар болж байгаа. Энэ нь дотоодын эдийн засгийг чирч буй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналт, гааль, татварын зэрэг төрийн байгууллагуудаас үзүүлэх дарамт, шахалт нэмэгдэнэ гэсэн үг. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд 750 гаруй тэрбум төгрөг зарцуулж, хөл дээр нь босгосон жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын үйл явцыг сааруулна.

Тухайлбал, НДШ-ийг 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар, 2020 онд 2 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Ингэснээр 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 11.5 хувь, ажил олгогчийнх 12.5 хувь болно. 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 12.5, ажил олгогчийнх 13.5 хувь болж нэмэгдэнэ.

Мөн Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож, Ирэх 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулахаар урьдчилсан байдлаар яригдаж байна. Ингэснээр, төсвийн орлого 2018 онд 73.3 тэрбум төгрөг, 2019 онд 50 тэрбум төгрөг, 2020 онд 16.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ.

 Энэмэтчилэн төр засаг, бизнес эрхлэгчдээ дэмжих байтугай цаашлаад ард иргэд рүүгээ чиглэсэн, тэднийг дэмжсэн бодлого явуулах боломж, нөхцөл улам хумигдах хандлагатай байна. Үнэндээ ОУВС-ийн хөтөлбөр төсвийн зардлыг бууруулж, төрийн нүсэр бүтцийг цомхтгох гэхээсээ илүү орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, иргэддээ дарамт нэмж буй нь оновчтой шийдэл биш гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Иймээс аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хамгаалж үлдэхийн тулд 2017 оны бизнес төлөвлөгөөн дээрээ ажиллах хүчээ цөөлөх зураглалыг хийгээд эхэлжээ. Ялангуяа онцгой албан татвар нэмэгдсэн нөхцөлд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн хувьд 100-500 хүртлэх хүнийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухайгаа ярих болсон байна. Энэ нь эргээд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх том эрсдэлийг дагуулж байна. Цаашлаад эдийн засаг сэргэх бус улам бүр агших нөхцлийг бүрдүүлж болзошгүй ээ.