АН-ын шат шатны дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болох аж. Энэ санал хураалтаар 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдийг сонгох юм байна.
Одоо анхан, дунд шатны намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг нийт гишүүнээрээ сонгуулснаар намд маш том реформ хийгдэнэ гэж АН-ын шинэ дарга зарлаад байгаа. Гэтэл гишүүд нь шүүмжлэлтэй хандаж, харин ч Нээлттэй АН биш Хаалттай мөнгөний өрсөлдөөнийг эхлүүллээ гэцгээж байна.
Учир нь нэр дэвшигчдээс дэнчин авахаар тогтоол баталжээ. Уг тогтоолд тусгагдснаар Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч 3 сая, Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая, дүүргийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 500 мянга, аймгийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 120 мянга, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшигч 12 мянган төгрөгийн дэнчин байршуулах гэнэ. Хэрвээ сонгогдвол энэ дэнчингийн мөнгө гишүүний татвар болоод суутгагдаад явах аж.
Гэтэл дээрээс нь дахиад хураамж авахаар тусгасан байна. Жишээ нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч дэнчингийн 3 сая төгрөг дээрээ нэмээд хураамж гэж 3 сая төгрөг төлөх аж.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 90 сая, аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая, дүүргийн намын даргад нэр дэвшигч 20 сая төгрөгийн хураамж төлөхөөр тусгажээ.
Ингээд нийт нэр дэвшигчдээс хураах дэнчингийн мөнгө,хураамжийн тооцвол нийтдээ 10 тэрбум 322 сая гаруй төгрөг төвлөрөх аж.
Тиймээс АН-ын жирийн гишүүд бухимдаж эхнээсээ намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлсээр байгаа юм байна.
Энэхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна.
Үүнд:
- Дотоод сонгуулийн хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй байна.
- Дотоод сонгуулийн хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр “Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний Бодлогын Хорооноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, улмаар дүрмийн бус тогтоол байна.
- Намын шат шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид бүртгүүлээгүй, нэр дэвшигчдийн тоо тодорхой болоогүй байхад дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн хураамж буюу сонгуулийг зохион байгуулах зардлыг тогтоосон нь Үндсэн дүрмийн 8.4.1-д “Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.” гэсэн заалтыг зөрчиж гишүүдийн сонгогдох эрхийг мөнгөөр боомилж, ямарч тооцоо үндэслэлгүй, асар их хэмжээний мөнгөн төлбөр тавьж нэр дэвшигчдийн бүрэн эрхэд халдсан байна.
- Дотоод сонгуулийн хороо нь “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”, “Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн дүрэм”-ийг баталсан нь Үндсэн дүрмийн 5.13.12.27-д “Үндэсний бодлогын хороо нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн 5.13.12.27.9 Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны тухай; 5.13.12.27.10 Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.
Энэ бүхнээс үзэхэд Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.
Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, түүний бүтэц Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, Ардчилсан намын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсч байна.
Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь Ардчилсан намыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид Ардчилсан намын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүцэж байна.
Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж, Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу ШААРДАЖ БАЙНА.
Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол дүрмийн өөрчлөлтүүдийг баталсан Их хурлын төлөөлөгчид бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгаар Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэх дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно гэжээ.