Ж.Батмөнх агсны 91 жилийн ой тохиож байна

Ж.Батмөнх агсны 91 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 91 жилийн ойн өдөр тохиож байна. Түүний үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар гэрт нь зочилж, түүний гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэж ирсэн. Үүний тод илрэл бол Ардчиллыг огтонын хамраас цус гаргалгйүгээр өлгийдөн авч байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх хэмээх энэ эрхэм хүний үйл хэрэг юм. Энэ үйл хэргийг МАН улам бүр бататгасаар ирсэн. Цаашид ч бид үргэлжлүүлсээр байх болно" гэдгээ онцоллоо.
Жамбын Батмөнх агсан 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон аж. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ.


Ж.Батмөнх агсан Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг нь ардчиллын алтан хараацайнууд ихээхэн үнэлж дурсдаг билээ.
1997 онд түүнийг насан эцэслэсний дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгосон байдаг.