Залуусын хүсэл, зорилго нэгдлийг харуулж буй эрч хүчтэй, уран бүтээлч кино баг болох “OI Entertainment”-ийн тав дахь бие даасан дэлгэцийн бүтээл “Манан зүсэгч” экшн-драм төрлийн кино 3-рсарын 17-нд нээлтээ хийх гэж байна. “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна”, “Хүсэл” зэрэг уран сайхны кинонуудад ажилласан чадварлаг залуу уран бүтээлчдийн энэ удаагийн уран бүтээл болох “Манан зүсэгч” киноны анхны teaser poster өнгөрсөн сард гарснаас хойш үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд амжжээ. Киноны найруулагчаар өмнө нь “Миний ах атаман”, “18 нас”,, “Хар сувдны нууц” зэрэг уран сайхны киноны найруулагч болон туслах найруулагчаар ажиллаж байсан ирээдүйтэй чадварлаг залуу найруулагчдын нэг Р.Эрхэмбүрэн ажилласан байна. Харин киноны Ерөнхий зураглаачаар Г.Гүенбаатар ажиллаж, гол дүрүүдэд Г.Алтандуулга, Т.Нямдорж, Р.Сүхболд, Э.Мөнхтөр, Ц.Амартүвшин туслах дүрүүдэд М.Бямбаа, Д.Мөнх-Од нар тогложээ. “Манан зүсэгч” МУСК нь залуусын үерхэл нөхөрлөл, тэдний өмнө тулгарч байгаа нийгмийн элдэв асуудал, залуус тэдгээрийг хэрхэн даван туулж буйг сэтгэл хөдөлгөм харуулсан уран бүтээл болсон хэмээн кино багийнхан өгүүлж байна
Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл дурдахад тус уран бүтээлийн нийт төсөв 350 сая төгрөг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд ийм их хэмжээний төсвөөр бүтсэн кино Монголын кино зах зээлд тун цөөхөн гарсан юм. Монголын кино зах зээлд жил бүрийн намар дотоодын цөөнгүй кино зэрэг шахуу нээлтээ хийдэг ч олонх нь үзэгчдээс тааруу үнэлгээ авч, уран бүтээлчид нь төдийлөн ашиг олж чадалгүй театраас буудаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт нэгэн сайн жишиг тогтоод буй нь кино бүтээх төсөв ерөнхийдөө нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юм. Тэр хэмжээгээр киноны чанар сайжирч, жишиг тогтоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Ингээд залуу уран бүтээлчдийн танд хүүрнэх шинэлэг түүх, үйл явдал бүхий “Манан зүсэгч” Монголын уран сайхны киног тун удахгүй 3-р сарын 17-нд бүх кино театруудаар хүлээн авч үзэх нь ээ.