МЭДЭГДЭЛ
Ардчилсан нам нь 2016 оны ээлжит сонгуульд хүлээсэн ялагдалдаа дүгнэлт хийн бүх шатандаа шинэчлэгдэх үйл явцыг эрчимтэй өрнүүлж байна. 2016 оны 12 дугаар сарын 06 болон 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр болсон Намын 6, 7 дугаар Их хурлууд, 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болсон “Намын даргыг бүх гишүүдээс сонгох” сонгууль зэрэг нь бүхэлдээ Ардчилсан намыг илүү олон түмний, жирийн гишүүддээ суурилсан нам болгох суурь шинэчлэлийн эхлэл байсан. Намын санхүүжилтийг хэсэг бүлэг хөрөнгөтэй этгээдүүдээс бүрдүүлдэг байсан тогтолцоо нь Ардчилсан намыг тухайн санхүүжүүлэгч нараас хараат болгох сөрөг үр дагавартай болохыг өнгөрсөн түүх хангалттай харуулсан. Ийм учир улс төрийн зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн хувьд бизнесийн болон олигархи бүлэглэлээс бие даасан, хараат бус болох чиглэлийг баримтлан шинэчлэгдэж байна. Хэдийгээр хуулиар шаардаагүй ч гэсэн Ардчилсан нам дансаа шилэн болгосон бөгөөд намын нийт гишүүд болон иргэд demparty.mn хаягаар хандаж намын хандив болон нарийвчилсан зардалтай танилцах боломж нээлттэй байна. Энэ нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын хувьд шинэ соёлыг бий болгож байгаа юм. Дэлхийн олон оронд жишиг болсон нийт гишүүд болон сонгуульт гишүүдийн хандив, татвараар намын санхүүжилтийг бүрдүүлдэг, сонгодог жишигрүү Ардчилсан намын шинэчлэл цаашид ч явах болно. 2000 онд Ардчилсан нам шинээр зохион байгуулалтад ороход сонгуульт гишүүдийн татварыг нэг сая төгрөгөөр тогтоож байсан бол арван долоон жилийн дараа гурван сая болгож өөрчилсөн болно. Ардчилсан нам нь нийт гишүүд дэмжигчдийнхээ хүлээлтийг бүрэн хангаж, нээлттэй, шилэн, нийт гишүүдийн хүсэл зориг дээр үндэслэн шийдвэр гаргадаг улс төрийн хүчин болон шинэчлэгдэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Олон нийт, гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан намын гишүүдийг Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцохыг уриалж байна.
АРДЧИЛСАН НАМ
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр