Улаанбаатар Азийн цагаан дагина болно

Улаанбаатар Азийн цагаан дагина болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Хүн амынх нь дийлэнх оршин суудаг нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй гурван цогц асуудлыг хотын дарга Д.Сумъяабазар онцлов. Үүнд,

  • дэд бүтэц буюу эрчим хүч, цэвэр бохир ус, дулааны хангамжийн асуудал,
  • нийтийн тээвэр буюу замын түгжрэл, гүүрэн болон заман байгууламжийн асуудал,
  • дагуул хот буюу хот байгуулалт орон сууцны асуудал багтжээ.

НИЙСЛЭЛД ТУЛГАМДАЖ БУЙ ОЛОН АСУУДЛЫН ЗАНГИЛАА ТАЙЛАГДАНА

Улаанбаатар хотын Захирагч  Д.СУМЪЯАБАЗАР: 

-Хот хэмээх том айл болсон Улаанбаатарт 1990 оноос хойш өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн шийдэгдээгүй олон асуудал бий. Дэд бүтцийн хангамж, эрчим хүч, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, нийтийн тээвэр, нийслэлийн гүүрэн болон заман байгууламж, түгжрэл зэрэг. Хот гэдэг УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хөгжинө гэж байхгүй. Иймээс өнөөдрийн уулзалтыг гурван асуудлын хүрээнд хэлэлцэхээр зохион байгуулсан. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Хуулийн хэлэлцүүлэгтэй Засгийн газар танилцаж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд багтаан хэлэлцүүлж өгөөрэй гэж хүсье. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар нийслэлд тулгамдаж буй олон асуудлын зангилаа тайлагдана” гэлээ.

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болжээ

ЯПОН ШИГ ХӨГЖЬЕ

УИХ-ын дарга  Г.ЗАНДАНШАТАР: 

-Улаанбаатарт хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж буй эдийн засгийг бүрдүүлж буй чухал төв. Бид Япон лугаа адил хөгжье. Гэхдээ Япон шиг болно гэсэн үг биш. Харин Япон улстай адил уламжлалаа хадгалсан орчин үеийн хотыг бүрдүүж хөгжүүлэх туршлагаас судална. Нийгэмд “манайхан Япон шиг уучлал гуйж бөхийдөг боллоо” гэсэн шүүмжлэл байна. Японд цэцэрлэгээс нь хүн болгож төлөвшүүлдэг. Үүнээс систем болгож хөгжүүлэх чиглэлээр ажиллахгүй бол тал талаас нь хуулбарлаж болохгүй юм.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн таван томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа.

Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулах эрхгүй бүх асуудал нь засагтай хамааралтай байна. Төрийн ба орон нутгийн хуулиар үүнийг зохицуулах шаардлагатай. Үүний тулд Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё гэж байгаа. Ингэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэдэг нэртэй зохицсон сайхан хот болох бололцоотой.

Утааны асуудлаа шийдэж эхэллээ. Утаанбаатар байсан бол Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа. Иймээс нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд нийслэлийн удирдлагатай хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж хэллээ.