Хамгийн өндөр рейтингтэй улс төрч хэмэ4 жил цоллуулж байсан С.Ганбаатар санаанд оромгүй ялагдлыг хүлээсэн билээ. Түүний хувьд Дархан-Уул аймгаас 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад гараад ирнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэвч ялагдал хүлээж олныг цочирдуулаад байлаа. Хэрэв С.Ганбаатар 2016 онд нэр дэвшсэн намаасаа ялчихсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нүүр бардам өрсөлдөх байв. Гэвч чадаагүй.
Нэгэнт унасан бөх учраас ууртай яваа. Ууртай ч гэсэн учиртайхан асуудалд хандаж улс төрд эргэн ирэхийг хүсч байгаа нь дамжиггүй. Түүнийг улс төрд эргүүлэн авчрах элдэв хувилдаан энэ тэнд явж байна. Үүний нэг нь МАХН+ С.Ганбаатар гэсэн хоршил. Энэхүү хоршил байж болно гэдэг дээр олон улс төрчид санал нэгдээд байгаа бололтой. Гагцхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр ганц дайчин С.Ганбаатар нар хэрхэн яаж тохиролцохоос бүх зүйл шалтгаалахаар болжээ.
С.Ганбаатарын сонирхол, МАХН-ын боломж хоёрыг ашиглах нь зөв гэдэг дээр О.Баасанхүү гишүүн хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Түүний хувьд С.Ганбаатарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн боломжит хүн. Иймд өнөө маргаашгүй тус намын гишүүн болох асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэх болжээ. Үүнд ч МАХН-ынхан төдийлөн дургүй биш. Гагцхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар болзол тавьж, яаж тоглохоос шалтгаалж бүх зүйл шийдэгдэнэ.
С.Ганбаатарын намтар
С.Ганбаатар 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.Тэрбээр 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер, 2001-2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал, 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, 2003-2005 онд Удирдлагын академийн багш, 2005-2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2008 онд Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн, 2007-2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан.
С.Ганбаатар 2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.