Ардчилсан намын дарга С.Эрдэнэ аль нэг фракцын эрх ашигт үйлчлэхгүй. Фракцын шахаанд автахгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч түүний хувьд шонхор фракцынхаа үндсэн багийг ажилд авав. Өөрийнхөө хүрээлэлд байсан улс төрчдийг Ардчилсан намын амин зуулга, албан тушаалд суулгаж эхэллээ. Энэ бүхэнд нь нэгэнт ялсан хүн луувангаа иднэ үү, лаагаа үлээнэ үү хамаа байхгүй гэж АН-ын бусад фракцынхан үзэв бололтой. Чимээгүй суусан. Харин дотоод сонгуулийг зохион байгуулалт дээр тэд эгдүүцэж эхэлжээ.
Алтангадас манлайлж МоАН, МҮДН фракцынхан дэмжсэн улс төр
Үндэсний бодлогын хорооны гишүүнээс сонгогдохын тулд 3 сая төгрөгийн барьцаа тушаана. Нэг мандат дээр 2 хүн өрсөлдөх тооцоог Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо гаргажээ. 10 орчим тэрбум төгрөгийг үүнээс олно гэнэ. Ийм хэмжээний мөнгийг ажилгүй болсон Ардчилсан намынхан нэгэн зэрэг өгнө гэж байхгүй. Алтангадас, МоАН фракцын хувьд уг хороонд хүнээ оруулахын тулд дээрх мөнгийг босгож чадах улс төрчид олон. Гэхдээ тэд үүнийг хүссэнгүй. Харин С.Эрдэнэ болон түүний шонхор фракцыг буланд шахах улс төрийг сонгожээ. Иймээс л зөвхөн мөнгөний сонгууль болох нь гэдэг үгээр шахалт үзүүлж эхэллээ.
Нэг талаасаа АН-ын гишүүдэд таалагдана. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороонд зардал багатайгаар хүмүүсээ оруулах хувилбарыг бусад фракцынхан сонгох нь зөв гэж үзсэн бололтой. Нэгэнт сонгогдсон гишүүн бол жилийн татвараа төлөх ёстой. Тэр татвар нь харин ёстой 3 сая төгрөг байсан ч яахав гэх утгатай үгийг улс төрчид яриад эхэлсэн сураг дуулдана. Харин өрсөлдөхдөө 3 сая төгрөг тушаах нь зүйд үл нийцнэ гэж тэд үзжээ.
Иймээс Алтангадас, МоАН, МҮДН гэсэн фракцынхан нийлж байгаад АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр уг шаардлагынхаа хариуг нэхэж сууна. Тэдний хувьд нэлээд хүчтэй акц хийхээр төлөвлөсөн гэх мэдээлэл дуулдаж байна. Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг цуцлахгүй бол АН-ын даргын ажлын албанд хүчтэй шахалт үзүүлж, дотоод сонгуулийг явуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар зэхсэн бололтой.