
Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо. Мөн Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетын нээлтэд оролцох үеэрээ улсын хэмжээнд бүх суманд шүдний кабинет байгуулахаар төлөвлөсөн гэж Шадар сайд дуулгажээ.
Тэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах үүднээс эрүүл мэндийг дэмжих төв байгуулах болсон. Ингэснээр аймаг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн ойролцоох сумдын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэнэ гэлээ.
Түүнчлэн аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэхээр ажиллаж буйг дурдаад Онцгой байдлын газарт УАЗ фургон автомашиныг хүлээлгэж өгсөн байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон 12 өрхөд гэр өгсөн гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.