4 жилийн өмнө амласан албан тушаалын наймаа арилсангүй ээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө!!!

4 жилийн өмнө амласан албан тушаалын наймаа арилсангүй ээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө!!!

4 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаврын чуулганы нээлт дээр албан тушаалын наймаа эцэслэгдэх болно гэж мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр түүний энэ үг түмэн олонд хүрсэн эсэхэд эргэлзэхээр болжээ.  Өнгөрсөн 4 жил үнэхээр албан тушаалын наймаа арилсан уу? Ийм асуултанд хэн ч гэсэн ҮГҮЙ гэж хариулах болно. Шат шатны албан тушаалд очихын тулд наймаа хийдэг. Төрийн албыг үнэлдэг, мөнгө болгож хувиргадаг гажуудал өмнөх 4 жил байсан. Энэ наймаа эцэслэгдээгүй. Худал үгээр далайлгаж хуурамч дүр эсгэж, ард олонд таалагдах гэж арилжаа наймаа хийдэггүй хүн шиг мэдэгдсэн гэж тухайн үеийн сөрөг хүчин болох МАН мэдэгдэж байлаа. Иймээс л 2013 оны хаврын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд эгдүүцсэн тэд чуулганы танхимыг орхин гарч байсан юм. Албан тушаалын наймааг Ардын нам хийдэг гэж харагдуулах гэсэн Ц.Элбэгдоржийн үг бүрт дургүйцэж байгаагаа тухайн үедээ сөрөг хүчин илэрхийлж байлаа.

Ардчилсан нам өнгөрсөн 4 жил албан тушаалын наймаа хийгээгүй гэвэл хэн ч итгэхгүй. Харин ч тус намынхан ажил мэдэхгүй, төрийн алба гэдгийг огт ойлгохгүй, гудамжинд лааз хөшиглөж явсан нэгнийг айхтар том албан тушаал дээр наймаа хийж аваачсан гороо өнөөдөр амсч суугаа. Наймаагаар албан тушаалтай болсон. Төрийн албыг төгрөгөөр худалдан авч суусан хүмүүс өнөөдөр Ардчилсан намаас нүүр бууруулчихаад байна. Үүнийг ч тус намын олон улс төрчид ам уралдан ярьж байна. Ардчилсан намын завхралын нэг алдаа нь албан тушаалыг наймаалцсан явдал гэдэгтэй маргах хүн өнөөдөр тун цөөхөн. 2016 оны сонгуулийн дараа ч мөн л ялгаагүй МАН бас л албан тушаалын наймааг цэцэглүүлсэн. Үүнийг илэрхийлэх баримт нь 60 тэрбум төгрөг босгох бичлэг. МАН-ын дарга М.Энхболд бүхий л албан тушаалыг өөрийнхөө зөвшөөрлөөр хийсэн гэдэг.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн засаг дарга С.Батболд гэх мэт нь албан тушаалын хуваарилалт гэхээс өөр аргагүй. Учир нь хэрэв ялсан намынх нь дарга уг албан тушаал дээр сууна гэсэн МАН-ын бичигдээгүй хуулиар бол дээрх 2 эрхэм уг албан тушаал дээр очихгүй байлаа. Тиймээс л энэ бол албан тушаалын наймаа гэж ард олон нэрлээд байгаа юм.

2016 онд Монгол Улсын авлигын индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Авлигын түвшингөөр Монгол улс 89 байрнаас 105-р байр хүртэл унасан нь албан тушаалын наймаа гаарсантай холбоотой.

 

Монгол Улсын Төрийн албан зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2000 мянга орчим албан тушаалтан зөвхөн 2016 оны сүүлийн хагаст өөрчлөгдсөн байна. Энэ нь 2000 төрийн албаны дарга солигдож, тэр хэрээрээ албан тушаалын наймаа хийгдсэн гэсэн үг. 2016 оны сонгуулийн дараа дэд сайдын суудал 1 тэрбум төгрөгт хүрсэн гэх явган яриа гарч байсан. Улаанбаатар төмөр замын даргын суудал 1,5 тэрбум төгрөг хүрлээ гэх шум хүртэл дуулдаж байлаа. Төрийн албанд ажиллах газар, хэлтэс, албаны даргын суудал 100 сая төгрөгөөс хол давсан гэдэг ч мэдээлэл бий. Энэ бүхэн нь өнөөдөр албан тушаалын наймаа шат шатандаа үнэ хүрч, авлига албан тушаалын хэрэг хэрээс хэтэрчихсэн гэдгийг гэрчлээд ч байх шиг.