1993 онд Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа зохион байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш дөрвөн жил тутамд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулдаг. 2021 онд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.
Өмнө нь долоон удаа сонгууль зохион байгуулахад 5 Ерөнхийлөгч сонгогдож байжээ. Хоёр хүний хувьд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байсан нь Н.Баганбанди, Ц.Элбэгдорж нар юм.
Харин П.Очирбат, Н.Энхбаяр, Х.Баттулга нар нэг удаа л сонгогдож 4 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлсэн түүхтэй үлдэж байна.
- 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулав.
- 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
- 2013 он-Ц.Элбэгдорж 50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
- 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
Шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох болно. Энэ хуулийн үйлчлэл энэ оноос хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр ялалт байгуулж Ерөнхийлөгч болох эрхэм 6 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх юм.
Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй байхаар хуулийн зохицуулалт хийж өгсөн билээ.