6 тэрбум тонн нөөцтэй том орд бол Таван толгой. Үүнээс 2,2 тэрбум тонн нь коксжих сайн чанарын нүүрс. Энэ ордын нүүрсний нөөц нь Монгол Улсыг 200 жил тэжээх хэмжээнийх гэж олон улс төрч үздэг. Гэтэл таван толгойн орд газрыг ашиглах нэрээр сүүлийн 7 жил ажиллаж байгаа ч БНХАУ-ын Чалко компанид тавьсан 350 сая ам долларын өрийг дарах ажлыг л хийж эхэлжээ. Ингэхдээ Таван толгойн ордын баруун цанхийн нөөцийнх нь өрмийг нь хуулж идэж байна. Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа Эрдэнэс таван толгой ХК нь өрөнд ордог. Харин тус компаний нүүрсийг олборлож байгаа БНХАУ-ын компани, мөн уг ордоос нүүрс тээвэрлэж байгаа БНХАУ-ын компанийн орлого өсч байна. Үүний шалтгаан нь Чалка компанитай байгуулсан гэрээтэй холбоотой. Уг гэрээг байгуулахдаа л алдаа гаргасан учраас ийм байдалд хүрсэн гэж Эрдэнэс таван толгойн ХК-ийн захирал асан Я.Батсуурь нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Я.Батсуурь: Эрдэнэс Таван толгой” ХК 2011 оны арван хоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж 2012 оноос Зүүн Цанхийн уурхайгаас нүүрсээ Хятад руу экспортолж эхэлсэн. Энэ үед Австралийн “Макмахон лимитед” компаниар Зүүн Цанхийн олборлолтыг гүйцэтгүүлэхээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн тэр үеэс Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч Зүүн Цанхийн нүүрсээр эргүүлэн төлөх, төлж дууссаны дараа дахин таван жилийн хугацаанд тэр үнээрээ Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг нийлүүлэх гэрээ ч бас хэрэгжиж эхэлсэн. Ингэж л “Эрдэнэс Таван Толгой” компани Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Харамсалтай нь “Чалко” компаниас урьдчилгаа мөнгө авч гэрээ байгуулахдаа зах зээлийн ханшаас доогуур үнээр нүүрсээ нийлүүлэх үүргийг манай тал хүлээсэн. Нөгөөтэйгүүр олборлолтын үйл ажиллагааг “Макмахон” компаниар зах зээлийн ханшаас харьцангуй өндөр үнээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнүүдийг байгуулах үед Австралид үер болж улмаар нүүрсний үнэ огцом өсч тонн тутам 200-300 ам.долларт хүрч байсан. Ийм үед энэ хоёр гэрээ аль аль талдаа ашигтай байсан байх. Гэтэл2012 оны сүүлчээс эхлээд нүүрсний үнэ зах зээл дээр эрс унаж эхэлсэн. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой” компани дээрх хоёр гэрээг биелүүлэх, мөрдөх боломж хомсдсон. Яагаад гэвэл гэрээг анх байгуулсан хэлбэрээр нь мөрдөөд явбал тус компани олборлож экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас 10-20 ам.доллар алдах эрсдэл хүлээх гээд байсан юм. Тийм учраас тэр гэрээнүүдийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан юм.
Ийнхүү Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурийн тайлбараар бол тус ордын зүүн цанхаас ашиг олно гэдэг үлгэр болж байх шиг байна. Одоо Баруун цанхийг хэрхэн ашиглах тухай ам уралдан ярьж байна. Нэг хэсэг нь Баруун цанхийн ордыг Эрдэнэс таван толгой ХК ашиглахгүй. Шууд л ашиглах эрхийг нь хэдэн төгрөгт зарчихна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ тухай өнгөрсөн намрын чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам алдсан удаатай.
Тэгэхээр Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан засгийн газрын зүгээс Эрдэнэс таван толгой ХК-ийн эзэмшилд байгаа тус ордын лиценцийг зарах магадлалтай байх нь. Хэрэв тийм биш бол УИХ-ын гишүүний амнаас 400 сая ам доллараар зарна гэдэг үг гарахгүй нь ойлгомжтой. Улс төрийн тогтворгүй байдал, Эрдэнэс таван толгой ХК-ийн буруу менежмент, улс төрчийн шахаа, буруу байгуулсан гэрээ зэргээс үүдэн Таван толгойн ордын үнэ цэнэ улам л буурч байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тайлбар
Ж.Эрдэнэбатын хувьд Таван толгойн ордын хэрхэн яаж ашиглах гэж байгаа. Ямар аргаар уг ордыг эргэлтэд оруулах тухайгаа өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй. Засгийн газар дээр асуудал яригдаж байгаа гэхээс өөр тайлбар алга. Зарим нэг эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Таван толгойн ордыг 3 хувилбараар ашиглах гарц бий. Хоёр нь өмнөх Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед яригдаж байгаа гацсан хувилбар. Харин нэг нь цоо шинэ буюу Ж.Эрдэнэбат ба түүний сайд нарын гаргасан хувилбар. Алийг нь дэмжих нь МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр гэсэн хүлээлт үүсээд байна.